
Монголын боулинг сонирхогчдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулсан “Big bowling friendship-2018” тэмцээний финалын тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Big bowling” төвд амжилттай болж өндөрлөлөө.
Найман сарын хугацаанд тасралтгүй үргэлжилсэн энэ тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 21 тамирчин оролцож, тэмцээний туршид баг болон тамирчин тус бүр 50 тоглолт хийж авсан онооныхоо дарааллаар эрэмбэлэгдэж, хэсэгт хуваагдсан. Ийн шалгарсан нь халз тоглох зарчмаар өрсөлдсөөр өчигдөр ганцаарчилсан болон багийн төрлөөр аваргуудаа тодруулсан.
Эл халз тоглолтод лигийн аварга багаар Э.Харцага ахлагчтай Т.Долгормаа, Д.Отгонжаргал нарын баг тодорч, дэд байрт Э.Золбоо ахлагчтай Т.Дорждэрэм, Б.Бат-Эрдэнэ нар, гуравдугаар байрт А.Батжаргал ахлагчтай Л.Цэцэгсүрэн, Г.Шинэбаяр нарын баг орлоо.
Мөн лигийн ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс Ц.Молор тэргүүлж, Э.Харцага, Б.Батхүү нар удааллаа. Харин эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар Ш.Мөнхжаргал тодорч, хоёрдугаар байрыг С.Дэлгэрцэцэг, гуравдугаар байрыг Д.Түмэнжаргал эзэлсэн.
Мөн нийт лигт 50 тоглолтын дунджаар хамгийн өндөр авсан эрэгтэй топ-5, эмэгтэй топ-3 тамирчныг өргөмжлөл, шагналаар урамшууллаа. Эрэгтэй топ-5 тамирчдыг Б.Оюунболд тэргүүлж, Ц.Молор, Ц.Лхаасүрэн, Х.Хишигбат, Ж.Содномдорж удаалсан бол, эмэгтэй топ тамирчдын жагсаалтыг Ш.Гэрлээ манлайлж, С.Хандаа, Б.Тамир нар удаах байрт бичигджээ.
Энэхүү тэмцээнд ойрдоо үзэгдэж харагдаагүй хамгийн өндөр буюу 266 оноог боулингийн тамирчин Д.Отгонжаргал авсан.
Монголын боулинг сонирхогчдын холбооноос өмнө нь жилийн эцэст “King of the bowling team” тэмцээн зохион байгуулдаг байсан. Харин энэ жилийн хувьд лигийн аваргуудаа хааны титэм, нөмрөг, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, тоглолтын эрхээр шагналаа.







Боулингийн лигийн аварга тодорлоо | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.