Шууд Chart

Канадын хоккейн дасгалжуулагчид Монголд ирж сургалт явууллаа

2019-02-18 10:31:20

Канад Улсын Ванкувер хотын “Лесли глобал спортс” клубийн Нэйт Лесли тэргүүтэй дасгалжуулагчид Монголд ирж хоккейчид, дасгалжуулагчид, хоккей сонирхогч хүүхдүүдэд  мөсөн талбайд сургалт хийлээ.

“Бласт” ХХК-ийн мөсөн талбайд болж буй уг сургалт энэ сарын 16-19-нд болох Канад улсын Элчин сайдын яамнаас санаачлан Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийн хүрээнд зохиож буй “Монгол дахь Хоккейн өдрүүд” арга хэмжээний нэг хэсэг юм. “Бласт”, “Хөх чононууд” гэсэн хоёр клубын 50 гаруй тамирчин оролцжээ.

Канадын дасгалжуулагч Бэн МакКай 

“2010 оны Ванкуверийн өвлийн олимпод зориулж барьсан олимпийн зэрэглэлтэй хоёр цэнгэлдэх хүрээлэн байдаг. Тэнд 5-17 насны хүүхдүүдэд зориулсан бүрэн хэмжээний сургалтын хөтөлбөр хэрэгждэг бөгөөд би тэнд мэргэжлийн дасгалжуулагчаар ажилладаг. 2015 онд хийсэн Монголын тухай баримтат кино үзэж, Монгол орон, Монголын хоккейн талаар мэдсэн. Харин энэ удаад Монголд ирээд, Монгол хүүхдүүдийг дасгалжуулж үзээд тэднийг маш их авьяастай гэдгийг харлаа. Гэхдээ Монголд хүүхдүүд тэр бүр хоккейтой ойр байж чаддаггүй учир мэдлэг туршлага дутмаг байна. Учир нь Канадад хүүхдүүд хоккейтой маш ойр байж, мэргэжлийн тоглогчдыг байнга үзэж, долоо хоногт дор хаяж хоёр удаа тоглодог учраас илүү боломжтой байдаг” гэв.

Монгол залуусын хоккейн сонирхлыг дэмжих зорилгоор тус сургалтыг зохиож буй Канад Улсын элчин сайдын яам, Монголын хоккейн холбоо болон Канад Монголын зарим аж ахуйн нэгжүүд хамтран Канад улсад хоккейн хувцас хэрэгслийг хандиваар цуглуулжээ. Хандиваар цугласан хувцас хэрэгслийг Монголын хоккейн холбоо хоккейн баг, холбоо, тамирчдад тарааж эхлээд байгаа юм.

"Хөх чононууд" багийн тамирчин Г.Цэлмүүн 

“Би Хоккейн спортоор хичээллээд жил хагас болж байна. Спортоор хичээллэх нь хөгжилтэй бас эрүүл мэндэд тустай. Мөн хоккейг ихэвчлэн эрэгтэй хүмүүс тоглодог биш эмэгтэй хүн ч бас тоглодог гэдгийг харуулахыг хүсэж байна” хэмээн ярьсан юм.

Тус сургалтын дараа Баянгол дүүргийн зургадугаар сургуульд Монгол Канадын хоккейчдын нөхөрсөг тоглолт хийж, Орхон аймагт сургалтаа үргэлжлүүлсэн юм.

Нийтэлсэн: Т.Үүрцайх

Канадын хоккейн дасгалжуулагчид Монголд ирж сургалт явууллаа   
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй