
Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж байсан 68 настай Л.Бямбаа Урьдчилан саатуулах 461 дүгээр байранд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал “Энэ хэргийг МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Өнөөдөр прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд товч мэдээлэл өгнө” гэв.
Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Л.Бямбаа агсныг санаатай хороосон байж болзошгүй” гэх мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг бүх талаас нь тодруулан шалгаж байна. Хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хурааж авсан. Үзлэг шалгалтын ажиллагаа хийж байна. Хэргийн газраас хурааж авсан эд мөрийн баримтад шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний газраас шинжээч томилсон байгаа. Дүгнэлт хараахан гараагүй байна” гэлээ.
Мөн дээрх асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр "Урьдчилан саатуулах 461 дүгээр байранд АТГ-аас шалгагдан саатуулагдаж байсан иргэн Б нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг дээр ШШГЕГ-ын даргын тушаалаар Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг 461 дүгээр хорих ангид хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу харуул хамгаалалтын ажилтнууд ажилдаа хариуцлагагүй хандсан, сонор сэрэмж алдсан, ээлжийн дарга, ерөнхий эргүүл нар хяналтаа сулруулсан нь тогтоогдсон. Урьдчилан саатуулах 461 дүгээр хорих анги бол маш том анги. 24 цагийн турш хөл хөдөлгөөнтэй байдаг учир алба хаагчдын анхаарал, сонор сэрэмж өндөр хэмжээнд байхыг шаарддаг объект.
ШШГЕГ-ын Даргын зөвлөлд дээрх шалгалтын дүнг хэлэлцээд 461 дүгээр ангийн дарга, Харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, холбогдох харуул хамгаалалтын ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэлээ.
Ц.Амгаланбаяр: 461 дүгээр ангийн дарга, буруутай алба хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн | ||
Үзсэн: 1518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.