
-Осол гарсан уурхайн карьер усны ундрага ихтэй тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна-
Туул гол руу өнгөрсөн зун бохир ус цутгасан талаарх мэдээлэл нь тараад байсан Төв аймгийн Заамар суманд байрлах “Эко алтан заамар” ХХК-ийн уурхайн талбайд өчигдөр нуралт үүсч зургаан хүн дарагдсан. Өнөөдөр өглөөний байдлаар хоёр ажилтанг эсэн мэнд гаргаж авсан байна. ОБЕГ, МХЕГ, ЦЕГ-ын баг ослын газарт ажиллаж байна. Өнөөдрөөс тус компанийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоосон бөгөөд нурангиас эсэн мэнд үлдсэн хоёр ажилтныг Улаанбаатар хот руу эмнэлэгт хүргэжээ.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт “Эко алтан заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол өчигдөр гарсан. Ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16:00 цагт ирүүлсэн. Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан бөгөөд Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт шуурхай ажиллаж, шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна.
Мөн Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагч өнөө өглөө ослын газарт очиж, хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Осол болсон уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд үргэлжилж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн оны тавдугаар сард “Эко алтан заамар” ХХК Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн арын тохой буюу тайланд хамрагдаагүй талбайд хөрс хуулж, уулын ажил эхлүүлсэн гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна | ||
Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.