Шууд Chart

Төрийн албаны тухай хуулийн талаарх сургалтад хамрагдав

2019-03-01 13:05:50

 Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 80 дугаар захирамжаар “Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны сургалтын ерөнхий төлөвлөгөө” батлагдсан. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлтэй хамтран Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон зарим хууль, тогтоомжийн талаар ерөнхий мэдээлэл өгөх сургалтыг өнөөдөр (2019.03.01) зохион байгууллаа.

   Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал сургалтыг удирдан явуулав. Тэрбээр “Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны сургалтын ерөнхий төлөвлөгөө”-ний агуулгын талаар ерөнхий мэдээлэл өгч, өнөөдрийн сургалтын хөтөлбөрийг танилцуулсан юм. “Тамгын газрын зөвлөхийн сургалт”, “Тамгын газрын ажилтны сургалт”, “Салбар дундын мэдлэг эзэмшүүлэх сургалт” агуулгын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар 2019 онд ажилтан бүрийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж чадавхжуулахын зэрэгцээ хувь хүний хөгжлийг дэмжихээр төлөвлөсөн байна.

    Дараа нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн талаар ерөнхий мэдээллийг танилцууллаа. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах дээрх хуулийн шинэчилсэн найруулга нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм.

   Үргэлжлүүлэн Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргасан дүрэм, журмын талаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Г.Зоригтбаатар, Албан тушаалын тодорхойлолт боловсруулах, төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тусгай шаардлагын талаар Төрийн албаны зөвлөлийн ахлах референт А.Амармэнд нар тус тус танилцууллаа.

    Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан сургалтад хамргадсан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд зарим зүйлийг тодруулж, асуулт асууж хариулт авсан юм.

    Энэ удаагийн сургалтын төгсгөлд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Р.Болормаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн талаарх ерөнхий мэдээллийг нийт ажилтнуудад танилцуулсан.

 


Төрийн албаны тухай хуулийн талаарх сургалтад хамрагдав  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй