Шууд Chart

“Ухаалаг шуудангийн хайрцаг” төсөл хэрэгжиж эхэллээ

2014-02-06 14:11:58

Манай улсад төдийгүй олон улсад шинэд тооцогдох “Ухаалаг шуудангийн хайрцаг”  үйлчилгээний нээлт өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Таван буудал дахь Далайхүү төвд боллоо. Ачаа бараа, захидал шууданг хүнд дайдаг албыг халж бий болж буй энэ үйлчилгээ нь иргэд гар утсанд нь ирсэн нууц дугаараар гэрийнхээ ойролцоох төвд очиж ухаалаг шуудангийн хайрцгийг хурууны хээгээ уншуулан онгойлгон илгээмжээ авах боломжийг олгоно. 

“Шинэчлэлийн Засгийн газар хөдөөгийн болон гэр хорооллын иргэддээ төрийн бүх төрлийн үйлчилгээг ойртуулж, чирэгдэлгүй болгоход ихээхэн анхаарч байна. ТҮЦ машин энэ чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төслийн нэг. Өнөөдөр ашиглалтад оруулж байгаа ухаалаг шуудангийн хайрцагны үйлчилгээ ч мөн иргэдийн цаг, мөнгийг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг шуудангийн шинэ үйлчилгээний нээлт дээр хэллээ.
 
Шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулсан ухаалаг шуудангийн хайрцгийг эхний ээлжинд нийслэлийн 18 цэгт болон төвлөрөл ихтэй Дархан, Эрдэнэт хотод, цаашид төв суурин газар бүрт байршуулна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Таван буудал дахь Далайхүү үйлчилгээний төв, Яармаг дахь Вива хорооолол, 32-ын тойргийн Бүрэн плаза, Баянхошуу дахь Боса худалдааны төв болон Төв шуудан гэсэн 5 цэгт байршуулж, 3 дугаар сарын 1-ний дотор нийт 20 ширхэгийг бүрэн суурилуулахаар төлөвлөжээ.
Шуудангийн үйлчилгээнд шинэчлэл хийх таван төсөлд Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс 1,9 тэрбум төгрөг зарцуулж байна.
 
Энэ хөрөнгөөс өмнө нь улсын автозамын сүлжээг дагасан орчин үеийн тээвэр логистикийн үйлчилгээнд зориулж хот хоорондын шуудан тээврийн зориулалтын 8 автомашин хүлээлгэн өгч байсан.
 
Ийнхүү манай оронд ихээхэн хоцрогдолтой байсан шуудан хүргэлт шинэ, ухаалаг үйлчилгээнүүдээр хүрээгээ тэлсээр байна.

“Ухаалаг шуудангийн хайрцаг” төсөл хэрэгжиж эхэллээ   
Үзсэн: 1883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй