Шууд Chart

Тайзандаа багтахгүй дуучидтай, танхимдаа багтахгүй үзэгчидтэй гал “Улаан бүч”-ийн түүхт 40 жил

2019-04-17 12:53:10

МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын түүхт 40 жилийн ойн тоглолт өчигдөр Монголын хүүхдийн ордны 700 хүний суудалтай их танхимд боллоо. Энэ чуулгын эх үндэс тэртээ 1960-аад оны дунд үеэс тавигдсан бөгөөд 1970-аад оны үед Монголын радиогийн хөгжмийн редакцын хариуцлагатай редактор Т.Чимэддорж, хүүхдийн нэрт зохиолч М.Чимэд нар нийслэлийн 39 дүгээр дунд сургуулийг түшиглэн, тус сургуулийн багш Л.Галсандоржтой хамтран шинэчлэн байгуулсан билээ. Тухайн цаг үеэс тогтмол сургуулилттай, тодорхой урын сантай чуулга болж, 1979 онд НҮБ-аас зарласан “Олон улсын хүүхдийн жил”-д БНУУ-ын Будапешт хотод зохион байгуулагдсан олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцох урилга хүлээн авсан. Ийн тус тэмцээнд “Улаан бүч” нэртэйгээр 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцож, маш сайн үнэлгээ авсан. Энэ цаг үеэс хойш тоолбол хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга энэ жил 40 нас хүрч байна.

Энэ хугацаанд буюу 1979-1981 онд тус чуулгын багш, уран сайхны удирдагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж, хормейстерээр З.Оюун, 1982-2014 онд соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, концертмейстерээр О.Сарантуяа, Д.Янжин нар ажиллаж байсан. Ийн 2015 оноос соёлын тэргүүний ажилтан У.Мөнхжаргал хормейстерээр ажиллаж байна.

“Улаан бүч” чуулга өөрийн орны болон бусад улс үндэстний найрал дуу, ардын дуунаас бүрдсэн бүтээлийг оролцуулбал нийтдээ 100 гаруй дууны урын сантай. Үүнээс өчигдөр болсон тоглолтод 20 гаруй дуу дуулагдсан. Тухайлбал, “Залгамж үеийн тэмүүлэл” магтуу дуу, “Тагтаа”, “Миний эх орон” магтуу дууны хэсэг, “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт жүжиг, “Хоёр хоньчны дууль”-иас гадна шинэ уран бүтээлүүд эгшиглэсэн.

Гал “Улаан бүч”-ийн түүхт 40 жилийн тоглолтод “Улаан бүч” чуулгад одоо дуулж буй 53 найрал дуучин оролцлоо. Мөн тус чуулгын гурван үеийн хормейстер, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Ганчимэг, “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж тэргүүтэй 1979 оноос хойших үе үеийн төгсөгчид, ардын жүжигчин, дуурийн дуучин Ч.Мөнхшүр, Монгол Улсын Консерваторийн 72 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, нийтдээ давхардсан тоогоор 200 орчим уран бүтээлч оролцлоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тайзандаа багтахгүй дуучидтай, танхимдаа багтахгүй үзэгчидтэй гал “Улаан бүч”-ийн түүхт 40 жил  
Үзсэн: 3499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-20 20:48
Маш сайхан тоглолт болсон
Зочин [127.0.0.xxx] 2019-04-18 08:13
Үнэхээр хүүхэд насандаа хэсэг очисон шүү

Бидэнтэй нэгдээрэй