Шууд Chart

Перугийн Ерөнхийлөгч асан Алан Гарсия амиа егүүтгэжээ

2019-04-18 15:13:43

Перугийн цагдаагийн ажилтнууд экс Ерөнхийлөгч Алан Гарсияг лхагва гарагийн өглөө гэрээс нь баривчлах үеэр төрийн тэргүүн асан өөрийгөө бууджээ. 69 настай улс төрчийн амь насыг эмч нар аврах гэж тэмцсэн боловч шархаа даалгүй таалал төгссөн байна.

Перугийн Конгрессийн гишүүн Маурицио Малдер “Ерөнхийлөгч Гарсия хэдхэн минутын өмнө өөд боллоо гэдгийг та бүхэнд хэлэх ёстой” гэж мэдэгджээ. Алан Гарсияг шүүхийн шийдвэрийн дагуу 10 хоног саатуулахаар цагдаа нар гэрт нь ирсэн байна. Энэ үеэр Гарсия өмгөөлөгч рүүгээ ярих хэрэгтэй байна гэж хэлээд угаалгын өрөө рүү оржээ. Гэтэл хэдхэн минутын дараа буун дуу гарч, цагдаа нар угаалгын өрөө рүү ортол экс Ерөнхийлөгч шалан дээр хэвтэж байжээ. Тэрээр амиа хорлох оролдлого хийсэн боловч хүзүү рүүгээ онож, ухаан алджээ. Тэр даруй экс Ерөнхийлөгчийг эмнэлэгт хүргэсэн байна.

Перу улсын төрийн тэргүүнээр 1985-1990 онд, түүнчлэн 2006-2011 онд тус тус ажиллаж байсан Алан Гарсияг прокурорын газраас Бразилийн барилгын “Одебрехт” фирмээс 100 мянган долларын авлига авсан гэж буруутгаж байсан юм. Гарсиягаас гадна 2006-2018 онд төрийн тэргүүнээр ажиллаж байсан гурван улс төрчийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тэднийг Бразилийн фирмээс 800 сая орчим долларын авлига авч, оронд нь Перуд барилга барих эрх олгосон гэж үзэж байгаа юм.

Алан Гарсия 2018 оны сүүлчээр Уругвайгаас улс төрийн орогнол хүссэн боловч татгалзсан хариу авч байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Перугийн Ерөнхийлөгч асан Алан Гарсия амиа егүүтгэжээ   
Үзсэн: 836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй