Шууд Chart

Владимир Зеленский: Зүүн Украины мөргөлдөөнийг "мэдээллийн дайн" хийж зогсооно

2019-04-22 14:20:19

Инээдмийн жүжигчин Владимир Зеленский Зүүн Украины мөргөлдөөнийг "мэдээллийн дайн" хийж зогсооно гэж амлалаа. Сонгогчдын дунд явуулсан хаалтын санал хураалт болон Сонгуулийн хорооноос зарласан урьдчилсан дүнгээр 73 хувийн дэмжлэг авсан Владимир Зеленский ялалтаа зарлаад байгаа. Тэрбээр сонгогчдод хандан мэдэгдэл хийсний дараа Киев дэх сонгуулийн байрандаа хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Энэ үеэр Владимир Зеленский Зүүн Украины иргэний хямралыг зогсооход туслахыг сэтгүүлчдээс хүссэн байна. Тэрбээр “Бид Донбасс дахь иргэний дайныг төгсгөл болгохын тулд мэдээллийн дайн эхлүүлнэ” гэж хэлжээ. Мөн Франц, Герман, Орос, Украин гэсэн Нормандын дөрвөлийн хүрээнд Донбассын асуудлаар яриа хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн байна.

Харин Украины Засгийн газар, засаг захиргааны бүрэлдэхүүний талаар тэрбээр “Хэрэв ард иргэд хүсэх юм бол Петро Порошенкод Украины Засгийн газрын нэг суудлыг өгч болох юм” гээд “Гэхдээ эхлээд шинэ хүмүүсийг сорьж үзмээр байна” гэж ярьжээ. 

Тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар ямар хүмүүсээр багаа бүрдүүлэх талаар ямар нэгэн нэр хэлэхээс зайлхийснээр Украины шинэ Ерөнхийлөгчийн захиргаанд хэн, хэн багтах нь тодорхойгүй хэвээр байна гэж хэвлэлүүд бичиж байна.

Харин “Бид манай армид үүрэг гүйцэтгэх генералуудад их ач холбогдол өгч байгаа. Удахгүй та бүхэн тодорхой харах болно. Генералуудтай хийсэн тохиролцоо гэж байгаа учраас одоогоор би тэдгээр хүмүүсийн нэрийг заах эрхгүй” гэж Владимир Зеленский ярьсан байна. Тэрбээр ойрын хугацаанд Украины засаг захиргаанд ямар хүмүүсийг байлгах вэ гэдгийг зарлана гэжээ.

Хөнгөн, хялбар өнгө аястай болсон хэвлэлийн хурлынхаа үеэр Владимир Зеленский Орос, Украин хэлийг хослуулан ярьж, зарим үг өгүүлбэрээ англиар хэлж байсныг Оросын хэвлэлд дурджээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Зеленский: Зүүн Украины мөргөлдөөнийг "мэдээллийн дайн" хийж зогсооно  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй