Шууд Chart

Японы эрх баригч Либерал ардчилсан нам нөхөн сонгуульд ялагдал хүлээлээ

2019-04-22 16:45:18

Японы эрх баригч Либерал ардчилсан нам нөхөн сонгуульд ялагдал хүлээлээ. Сонгуулийн энэ дүн удахгүй болох ээлжит сонгуулийн дүнг зөгнөж байна гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрөгч амралтын өдөр буюу ням гарагт Япон даяар болсон орон нутгийн сонгуультай зэрэгцэн Парламентийн доод танхимын хоёр гишүүнийг сонгох нөхөн сонгууль боллоо. Окинава мужийн гуравдугаар тойрог, Осака мужийн 12 дугаар тойрогт болсон сонгуульд сөрөг хүчнийхний дэмжлэгтэй өрсөлдсөн чөлөөт сэтгүүлч Томихиро Яара, парламентийн гурав дахь том хүчин болох Ниппон Ишин намаас нэр дэвшигч Фумитаке Фужита нар ялалт байгуулжээ.

Энэ ялагдал Шинзо Абэг хоёр дахь удаагаа Японы Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш болсон анхны ялагдал болж байгааг хэвлэлүүд бичиж байна. Мөн Японы ард иргэд эрх баригчдад тааламжтай хандахгүй байгааг харуулж байна гэж зарим улс төрчдийн хэлснийг уламжилжээ.

Үүнээс гадна энэ удаагийн ялагдлыг орон нутгийн ашиг сонирхолтой холбоотой учраас гарцаагүй ялагдал байсан гэж зарим ахмад улс төрч тайлбарлаж байна. Учир нь Окинава мужид Америкийн цэргийн бааз байдаг. Эрх баригчид Америкийн тэнгисийн цэргийн агаарын баазыг сэлгэн байршуулах асуудал орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулж, баазыг бүр мөсөн гаргахыг шаардаж байсныг тайлбарлажээ. Харин Осака мужид ялалт байгуулсан Ниппон Ишин намын хувьд Осака хотод метрополис төлөвлөгөө хэрэгжүүлж, Токио хот шиг тусгай бүс болгох саналтай байна.

Үүгээр ч зогсохгүй Засгийн газраас өнгөрсөн хугацаанд татварыг өсгөсөн явдал ч сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж хэвлэлүүд тайлбарлаж байна. Сонгуулийн дүнтэй холбоотойгоор сөрөг хүчнийхэн удахгүй болох Парламентийн дээд танхимын сонгуульд ялалт байгуулахын тулд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэсэн байна. Японы Парламентийн дээд танхимын сонгууль ирэх долоодугаар сард болно.

Нийтэлсэн: Mонголын радио

Японы эрх баригч Либерал ардчилсан нам нөхөн сонгуульд ялагдал хүлээлээ   
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй