
Токио хотын Прокурорын газраас даваа гарагт Франц-Японы “Рено-Ниссан-Мицүбиши” авто машины нэгдлийн тэргүүн асан Карлос Гоныг “Ниссан” концерны хөрөнгийг шамшигдуулсан асуудалд буруутгалаа.
Токиогийн Хяналт шалгалтын газраас түүнийг Японы корпорациас Оманд үйл ажиллагаа явуулдаг суудлын авто машины худалдааны фирм рүү мөнгө шилжүүлэхдээ луйврын схем ашиглаж, хэдэн сая доллар хулгайлсан байж болзошгүй гэж үзэж байна гэж “Эн-Эйч-Кэй”-д тэмдэглэжээ.
Карлос Гоныг “Ниссан”-ы хөрөнгийг хууль бусаар ашигласан, эзэмшсэн гэх асуудлаар гурван ч удаа буруутгаад байгаа юм. Карлос Гонд шүүхээс тогтоосон саатуулан хорих хугацаа даваа гарагт дуусч байгаа ч шинэ хэрэг илэрсэн тул түүний хорих хугацааг сунгах төлөвтэй байна.
“Ниссан”-ы хувьцаа эзэмшигчид энэ сарын 8-нд Гоныг захирлуудын зөвлөлөөс хассан. Гон болон хамтрагч Грег Келли нарыг 2018 оны 11 дүгээр сарын 19-нд Японы санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр саатуулсан юм. Гоныг “Ниссан”-ы захирлуудын зөвлөлийн даргаар авсан есөн тэрбум иений шагналаа хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй, хувийн санхүүгийн алдагдлаа корпорацийн мөнгөөр төлүүлж байсан гэж буруутгажээ.
Өнгөрөгч гуравдугаар сард Карлос Гон есөн сая долларын барьцаатайгаар батлан даалтад гарсан боловч энэ сарын 4-нд санхүүгийн луйврын хэрэгт сэжиглэн дахин саатуулсан байна.
Карлос Гоныг “Ниссан”-ы хөрөнгийг шамшигдуулсан гэж буруутгалаа | ||
Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.