
Олон улсын нийгэмлэгүүдээс хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн Засгийн газрын хүчин генерал Халифа Хафтар тэргүүтэй “Ливийн үндэсний арми”-ийн эсрэг сөрөх довтолгоон эхлүүллээ.
Энэ талаар Үндэсний эв нэгдлийн Засгийн газраас мэдээлсэн байна. Ливийн нийслэл Триполи хотод нөхцөл байдал сайжраагүй хэвээр байна. Хотын эргэн тойронд цэрэг дайны ажиллагаа эрчимтэй үргэлжилсээр байгаа юм.
Ням гарагийн шөнө Триполи хотод Хафтарын хүчний зүгээс агаарын цохилт хийсэн тухай “Ройтерс” агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна. Агаарын цохилтын үеэр хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт мэдрэгджээ.
Засгийн газрын хүчин болон Ливийн үндэсний армийн хоорондын тэмцэл ширүүсч, Триполийн олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.
Ливийн нийслэлд энэ сарын 4-нөөс эхэлсэн тулалдааны үеэр нийт 227 хүн амиа алдаж, 1128 хүн шархадсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.
Ливи улсад хоёр засаглал тогтоод удаж байгаа юм. Энэ улсын баруун хэсэгт НҮБ-ын дэмжлэгтэй Үндэсний эв нэгдлийн Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бол зүүн Тобрук хотод Триполигоос хамааралгүй парламент үйл ажиллагаа явуулдаг. Энэ парламент Хафтар тэргүүтэй Ливийн үндэсний армийн дэмжлэгийг авч ажилладаг байна.
Ливийн Засгийн газрын хүчин сөрөх довтолгоон эхлүүллээ | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.