
Испанийн Засгийн газрын тэргүүн Педро Санчесын "Испанийн социалист ажилчны нам" ням гарагт болсон бүх нийтийн ээлжит бус сонгуульд ялалт байгуулж байна. Саналын хуудсын 98.9 хувийг боловсруулсны дараа энэ нам парламентийн доод танхимын 350 суудлын 123-ыг нь аваад байна. Энэ талаар Испанийн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Консерватив ардын нам 66 суудал авсан бол “Иргэд” төвийн нам 57 суудал авч, зүүний “Нэгдвэл бид чадна” эвсэл 42, барууны “Вокс” 24 суудал тус тус авсан байна. Сонгуулийн ирц 75 гаруй хувьтай байсан нь 2016 оны сонгуулиас ч өндөр үзүүлэлт юм.
Гурван жилийн өмнө болсон сонгуулиар "Испанийн социалист ажилчны нам" парламентийн доод танхимд 85 суудал, Консерватив ардын нам 137 суудал эзэлсэн. Харин “Вокс” Испанийн парламентийн доод танхимд орж ирж чадаагүй.
Испанид ням гарагт Ерөнхий кортес буюу хоёр танхимт парламентийн сонгууль болсон юм. Энэ санал хураалтаар парламентийн дээд танхимы 350 гишүүн, дээд танхимын 208 сенатчийг сонгосон байна. Уг нь хуваарь ёсоор тус улсад ирэх онд сонгууль болох ёстой. Гэвч парламентийн доод танхим Засгийн газраас санал болгосон энэ оны төсвийн төслийг дэмжээгүй тул Санчес ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Испанид ийм байдлаар сүүлийн жилүүдэд гурван удаа ээлжит бус сонгууль болж байгаа юм.
Ээлжит бус сонгуулийг тавдугаар сарын 26-ны өдөр явуулахаар төлөвлөсөн ч энэ өдөр Испанид Евро парламентийн сонгууль, бүсийн болон орон нутгийн сонгууль болохоор товлогдсон тул парламентийн сонгуулийг нэг сараар урагшлуулжээ.
"Испанийн социалист ажилчны нам" ялалт байгуулжээ | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.