Шууд Chart

Сингапур улс интернэт хэрэглэгчдэд хязгаар тавина

2019-04-29 13:19:58

Сингапур улсын Засгийн газар үг хэлэх эрхийг хамгаалах, нийгэмд ноцтой хохирол учрахаас нь өмнө хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор интернэт хэрэглэгчдэд хязгаар тавих гэж байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун даваа гарагт хэвлэлүүдээр гарсан ярилцлагадаа өгүүлжээ. Ерөнхий сайдын энэ ярилцлага “Интернэтэд хуурамч мэдээлэл, заль мэх тархахаас хамгаалах тухай” хуулийн төсөл парламентад хэлэлцэгдэхийн өмнө гарч байгаагаараа онцлогтой" гэсэн байна. 

Сингапурын Ерөнхий сайд “Үг хэлэх эрхийг хамгаалж, хүмүүсийг эрхийн талбартаа мэдээлэл, үзэл бодлоо солилцох боломж олгох зохих хязгаарлалтыг бид тогтоох ёстой” гэж хэлснийг “Страйт таймс” сонин дамжуулжээ. Үүний зэрэгцээ тэрбээр “Хэт хяналтгүй үг хэлэх эрх чөлөөтэй нийгэм огт байдаггүй” гэж онцлон тэмдэглээд “АНУ ч тэр, Европын орнууд, тэр дундаа Германд ч тэр хуурамч мэдээлэл тархах асуудалтай тэмцдэг” гэж мэдэгдсэн байна.

Ли Сянь Лун Сингапурын улс төрийн дотоод амьдралд гадны орнууд ч хутгалдан орохыг үгүйсгээгүй юм. “Хэн ийм зүйл хийж болохыг би мэдэхгүй ч манайх маш нээлттэй улс. Тиймээс аливаад эртнээс бэлтгэлтэй байх шаардлагатай” гэжээ.

Сингапурт саяхан олон нийтийн дунд санал асуулга явуулахад иргэдийн 80 хувь нь хуурамч мэдээллийг таних чадвартай гэдэгтээ итгэлтэй байна гэж хариулжээ. Гэтэл туршилтаар ердөө 10 хувь нь л хуурамч мэдээллийг танисан гэж Ерөнхий сайд ярьсан байна.

Сингапур улсын Засгийн газар хуурамч мэдээлэл тараасан хүмүүст эрүүгийн шийтгэл хүлээлгэх, түүнчлэн их хэмжээний торгууль ногдуулах тухай хуулийн төслийг энэ сарын 1-нд парламентад оруулж ирсэн билээ. Энэ хуулийн төсөлд зааснаар хуурамч мэдээлэл цацвал нэг сая сингапур долларын торгууль ногдуулахаас гадна 10 жилээр хорих ял онооно гэж заажээ. Мөн Сингапурын төрийн байгууллагаас хуурамч гэж үзсэн мэдээллийг авч хаях үүргийг интернэт сайтуудад хүлээлгэхээр болсон байна.

Харин “Хьюмэн Райтс Ватч” байгууллагын төлөөлөгчид хуулийн төслийг хэтэрхий өргөн хүрээтэй, хүний үг хэлэх эрх чөлөөнд заналхийлсэн үйлдэл гээд шинэ хуулийг батлахаас татгалзахыг уриалж байна. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар, Сингапурын засаг захиргаа мэдээллийн үнэн бодитой эсэхийг тодорхойлох үндэслэл, шалгуур заагаагүй гэж шүүмжилжээ.

“Фэйсбүүк”-ийн бодлогын асуудал эрхэлсэн захирал Саймон Мильнер ч төрийн байгууллагууд компаниудаас худал гэж үзсэн мэдээллээ авч хаяхыг албадах эрхтэй болж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Сингапур улс интернэт хэрэглэгчдэд хязгаар тавина   
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй