Шууд Chart

Шри-Ланкад олон нийтийн газар гивлүүртэй явахыг хориглолоо

2019-04-29 14:55:02

250 гаруй хүний амь насанд хүрсэн цуврал халдлагын улмаас Шри-Ланкад олон нийтийн газар нүүрээ далдаж гивлүүртэй явахыг хориглолоо. Даваа гарагаас хэрэгжиж байгаа хоригийн талаар Шри-Ланкын Ерөнхийлөгч Сирисена ням гарагт зарласан байна. Тус улсын хүн амын 9.7 хувь нь лалын шашинтай. Цөөн тооны эмэгтэйчүүд нүүрээ халхалж гивлүүр зүүж явдгийг хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн үүний хажуугаар дахин халдлага болж болзошгүй гэж үзэж байгаагаас сүм, хийдүүдийг ням гарагийн мөргөл хийхгүй байхыг үүрэг болгожээ. Цагдаагийнхан энэ сарын 21-нд болсон хэд хэдэн удаагийн амиа золиослосон халдлагад нутгийн алан хядах хоёр бүлгийг сэжиглэж байгаа. Үүнээс эхний мэдээллээр сэжиглэж байсан "Нэйшнэл Тавийд Жаммат" гэдэг бүлгийн байрладаг газарт өнгөрөгч баасан гарагт аюулгүйн албаныхан, цагдаа нар довтолсон.

Ажиллагааны үеэр нас барсан хүмүүсийн дунд энэ бүлгийн үүсгэн байгуулагч Захран Хашимийн аав болон хоёр ах нь байсныг, мөн сэжигтнүүдийн төвлөрч байсан газраас нэг хүнийг баривчилсан тухайгаа цагдаа нар мэдээлж байна. Шри-Ланк даяар тогтоогоод байгаа онц дэглэмийн хүрээнд "Нэйшнэл Тавийд Жаммат" бүлгийн хамт, "Жаммъятул Милату Ибрахим" бүлгийн үйл ажиллагааг мөн бямба гарагаас эхлэн хоригложээ. Албаныхан Коломбо хотод цуврал халдлага үйлдсэн амиа золиослогч есөн хүний нэг нь Захран Хашим гэдэг энэ хүн байсан гэж үзэж байгаа юм.

Алан хядах бүлгийнхнийг баривчлахын тулд 10 мянга орчим цэргийг дайчилсан байна. Одоогоор хэрэгт холбогдуулан 100 гаруй хүнийг баривчилсны дотор Сири, Египет гаралтай хүмүүс байгаа юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Шри-Ланкад олон нийтийн газар гивлүүртэй явахыг хориглолоо  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй