
АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч буюу Хууль зүйн сайдын орлогч Род Розенштейн огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичсэн байна. Ерөнхийлөгчтэйгээ төвөгтэй харилцаатай байсан гэгдэж байгаа Ерөнхий прокурорын орлогч буюу Хууль зүйн сайдын орлогч тавдугаар сарын 11-нд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
Оросын талаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргийн мөрдлөг шалгалтад хяналт тавьж ажиллаж байсан түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчтэй холбогдуулан хийсэн мөрдлөг шалгалттай нь холбогдуулан бүхий л талаар шүүмжилж байсныг хэвлэлүүд бичжээ.
Мөн Дональд Трамп Род Розенштейн болон Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Барак Обама зэрэг Америкийн өндөр алба хашиж байсан хүмүүсийг эх орноосоо урвасан хэмээн торны цаана хоригдож байгаагаар харуулсан зургийг нэгэнтээ "твиттер"-т нийтэлж байсныг ч дурджээ.
Харин Род Розенштейн өөрөө АНУ-ын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа доголдолтой гэж батлахын тулд үйл хөдлөл бүрийг нь нууцаар тэмдэглэдэг байсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэвлэлд ярьсан байна.
Бүгд найрамдахчуудын төлөөлөл Жорж Буш Ерөнхийлөгчийн үед улс төрийн гараагаа эхэлсэн гэж хэлж болох АНУ-ын Ерөнхий прокурорын буюу Хууль зүйн сайдын орлогч энэ хүн Ерөнхий прокурор Виллъям Баррыг томиглогдох үеэс л огцрох талаар яриа гарсан. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард ажлаа өгөх гэж байсан боловч тусгай зөвлөх Роберт Мюллерийн эрхэлж байсан Оросын талаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргийн тайлан гартал Ерөнхий прокурор бөгөөд Хууль зүйн сайддаа туслах үүрэгтэйгээр үргэлжлүүлэн ажиллаж байжээ.
Род Розенштейний ажлыг хүлээн авахаар нэрлэгдээд байгаа Жеффри Розен Сенатын танхимын батламжийг хүлээж байна. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орлогч сайдын оронд нэр дэвшүүлж байгаагаа хоёрдугаар сард зарласан юм.
АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Род Розенштейн огцорно | ||
Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.