
Этиоп улсад өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд гарсан “Этиопиан Эйрлайнес” агаарын тээврийн компанийн “Боинг 737 МАХ” загварын осолд 10 төрөл саднаа алдсан Канадын хоёр иргэн “Боинг” корпорацийг Чикагогийн шүүхэд өглөө. Нэхэмжлэгчдийн өмгөөлөгчдийн мэдээллийг “Блүүмберг” агентлаг дамжуулсан байна.
Канадын хоёр иргэний үзсэнээр “Боинг” корпораци “737 МАХ” загварын онгоцны төслийг гаргах, гэрчилгээ авах үедээ хайнга хандаж, үүний улмаас онгоцны хошууг автоматаар тэгшлэгч систем нь идэвхжсэн, энэ нь ослын шалтгаан болсон гэжээ.
Тэдний өмгөөлөгч “Хэрвээ Боинг корпораци хайнга, назгай байдлаа үгүйсгэх юм бол бид тэдний АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн газартай харилцаж байсан бүх цахим захидлыг олонд ил болгоно” гэж мэдэгдсэн байна.
Нэхэмжлэл гаргагчдын нэг болох Манант Вайдья нь онгоцны ослоор ээж, аав, эгч, эцэг нэгтэй ах, хоёр зээгээ алдсан бол хоёр дахь нь болох Поль Нороге эхнэр, гурван хүүхдээ алджээ. "Боинг" корпорацийн төлөөлөгчид энэ асуудлаар тайлбар хийхээс татгалзсан байна.
“Этиопиан Эйрлайнес” агаарын тээврийн компанийн “Боинг 737 МАХ” загварын онгоцны осолтой холбоотой хамгийн анхны гомдлыг мөн л Чикагогийн нэгэн шүүхэд гаргасан юм. Энэ гомдолд тус корпорациас 50 сая ам.доллар нэхэмжилжээ.
Канадын хоёр иргэн “Боинг” корпорацийг шүүхэд өглөө | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.