Шууд Chart

Индонезийн нийслэл Жакартаг нүүлгэнэ

2019-04-30 11:42:30

Индонезийн Төлөвлөлтийн сайд Бамбанг Брожонегоро нийслэл Жакартаг нүүлгэх болсон тухайгаа мэдэгдлээ. Энэ чухал шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо хүлээн авсан гэж тэрбээр хэлсэн байна.

Одоогийн байдлаар нийслэлээ хааш нүүлгэх нь тодорхойгүй байна. Гэхдээ Индонезийн төрийн хэвлэл мэдээллүүд хамгийн өндөр магадлалтай газраар Борнео арлын Палангкарайя хотыг нэрлэж байгаа юм.

Энэ бол дөрөвдүгээр сарын 17-нд болсон Төрийн тэргүүн, парламентийн хоёр танхим, орон нутгийн хууль тогтоох байгууллагуудын сонгуулиас хойш Ерөнхийлөгч Жоко Видодогийн гаргасан анхны шийдвэр юм.

Индонез улс нийслэлээ нүүлгэн шилжүүлэх талаар аль эртнээс ярьж байна. Учир нь Жакартад замын түгжрэл маш их. 2016 онд явуулсан судалгаагаар энэ хот дэлхийн замын бөглөрлийн хамгийн их асуудалтай хотуудын тоонд багтжээ. Төлөвлөлтийн сайдын тооцоолсноор нийслэлд замын түгжрэлийн улмаас жил бүр 100 их наяд рупи буюу 6.8 тэрбум ам.долларын хохирол учирдаг байна.

Үүнээс гадна Индонез улс 20 жилийн турш засаглалыг төвлөрүүлэхгүй байх бодлого баримталж байгаа юм. Энэ бодлогын гол зорилго нь бүс нутгийн засаглалыг нэмэгдүүлэхэд чиглэгджээ.

Түүнчлэн Жакарта хот 2050 он гэхэд газар дор орох бүрэн магадлалтай. Энэ хот намгархаг хөрстэй газар оршдог, 13 гол дайран гардаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд хот 2.5 метрээр доошилсон бөгөөд жилд 1-15 сантиметрээр суух тооцоо гарчээ. Харин нийслэлээ болгох магадлалтай Палангкарайя хот Жакартагаас илүү бүлэг арлынхаа төвтэй ойр.

Мэдээж нийслэлийг нүүлгэн шилжүүлэхэд 10 орчим жил шаардлагатай гэж Төлөвлөлтийн сайд хэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй тэрбээр “Бразил улс Риогоос нийслэлээ шилжүүлсэн. Сидней, Мельбурны хооронд оршдог Канберраг одоо хар. Казахстан ч бас нийслэлээ улсынхаа төвтэй ойр шилжүүлсэн бол Мьянмар улс мөн нийслэлээ Нейпьидо руу шилжүүлсэн” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Индонезийн нийслэл Жакартаг нүүлгэнэ   
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй