Шууд Chart

Майк Помпео: Николас Мадуро Венесуэлийг орхих цаг болсон

2019-05-01 10:06:48

Оросын засаг захиргаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дөрөвдүгээр сарын 30-ны мягмар гарагт улс орноосоо гарахгүй байхыг ятгасан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баталж байна. Тэрбээр “Си-Эн-Эн” сувагт өгсөн ярилцлагадаа Мадуро Хавана руу зугтах гэж байсан гэжээ.

Майк Помпео “Мадуро нислэгийн зурвас дээр онгоцоо бэлэн байдалтай байлгаж байсан. Өнөө өглөө улс орноосоо явах гэж байхад нь оросууд түүнийг үлдэхийг ятгасан” гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Мадурог Куба улс руу зугтахаар бэлдэж байсан гэх мэдээлэл АНУ-ын засаг захиргаанд ирсэн гэжээ.

Майк Помпео Мадурог улс орноосоо гарах цаг болсон гэж сануулсан байна. “Түүний хувьд Венесуэлийг орхих цаг болсон. Ардчилал, эрх чөлөөг дэмжихэд бэлэн хэн бүхэн засаг шилжүүлэх шилжилтийн үйл явцын нэг хэсэг нь болж, бүс нутгийн бүхий л улс оронтой хамтран ажиллах ёстой” гэж Майк Помпео мэдэгджээ.

Венесуэлд цэргийнхэн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн талд мэдэгдэл хийсний дараахан нийслэл Каракас болон хэд хэдэн хотод засгийн эсрэг жагсаал зохион байгуулагдсан юм. Каракаст болсон жагсаалын үеэр мөргөлдөөн гарч, 71 хүн гэмтэж бэртсэн тухай “Си-Эн-Эн” лхагва гарагт мэдээлсэн байна. Гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 43 нь резинэн суманд, хоёр нь галт зэвсэгт оногджээ.

Өчигдөр Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Николас Мадурог түлхэн унагах “эцсийн үе шат” ажиллагаа эхэлснийг зарлаж, цэргийнхнийг гудамжинд гарч, “засгийн эрхийг булаах ажиллагааг дуусгах”-ыг уриалсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео: Николас Мадуро Венесуэлийг орхих цаг болсон  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй