
Америкийн засаг захиргаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд илүү уян хатан хандахыг Пехньян шаардлаа. Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Чое Сон Хуйн энэ талаар хийсэн мэдэгдлийг төв мэдээллийн агентлаг нь дамжуулсан байна.
Гадаад хэргийн дэд сайд Чое Сон Хуй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр "Си Би Эс" телевизэд өгсөн ярилцлагыг шүүмжилсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ханойн уулзалтын дараа Солонгосын хойгийн асуудалд илүү уян хатан хандахад нь АНУ-д энэ оны сүүлч хүртэл хугацаа өгсөн. Гэвч Ерөнхийлөгч Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар энэ хугацааг үл тоож, амлалтаа биелүүлэх тал дээр ахиц гаргахыг Умардынхнаас шаардаад байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга "Си Би Эс" телевизэд ярилцлага өгөхдөө "Хэрэв хоёр улсын яриа хэлэлцээ бүтэлгүйтэж нурахад хүрвэл АНУ байр сууриа өөрчилж магадгүй" гэсэн байна. Үүний хариуд Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд “Байр сууриа өөрчлөх нь зөвхөн Америкийн талд онцгой эрх эдлүүлэхгүй. Эсэргээрээ бид хүсэх юм бол бид л байр сууриа өөрчилж мэдэх юм” гэсэн агуулгатай үгийг төв мэдээллийн агентлагаараа дамжуулжээ.
Чое Сон Хуйн “Хэрэв АНУ бидний өгсөн хугацаанд байр сууриа сэргээж, уян хатан байх тал дээр ахиц гаргаж чадахгүй бол хүсэхээргүй зүйлээ үзнэ. Цөмийн зэвсэглэлээ зогсоох талаар бидний байр суурь өөрчлөгдөхгүй” гэж ярьсан байна.
Зарим хэвлэлд бичсэнээр Умардын Гадаад хэргийн сайд “АНУ Умардын улс төрийн дэглэмийг унагахын тулд цэргийн хүч ашиглахаар төлөвлөж байна” гэж яриад, үүнийг нь “бүтэшгүй, аюултай санаа” гэсэн байна.
Умардын талаас цөмийн туршилтын байгууламжуудаа хэсэгчлэн хаах замаар олон улсын хоригоос мултрах оролдлого хийж байгаа ч, “Пехньян цөмийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон цагт гэрээ хэлцэлд хүрнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байгаа юм.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд илүү уян хатан хандахыг шаардав | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.