
Их Британийн Батлан хамгаалахын сайд нууц мэдээлэл задруулснаас болж огцорлоо. Ерөнхий сайд Тереза Мэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас тараахыг хориглосон материалыг задруулсан гэж үзэж, Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсоныг огцруулсан байна. Энэ тухай Ерөнхий сайдын албанаас мэдээлжээ.
Мэдэгдэлд “Ерөнхий сайд өнөө орой Гэвин Уильямсоныг Засгийн газраа орхихыг хүссэн. Учир нь тэрбээр Батлан хамгаалахын сайд, Сайд нарын танхимын гишүүний үүргээ биелүүлж чадах итгэлээ алдсан. Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас тараахыг хориглосон мэдээллийг цацсан асуудлаар мөрдлөг шалгалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайд ийм шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд мөрдлөг шалгалтын явцад хамтран ажиллаж, тусалж дэмжсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүх гишүүндээ талархал илэрхийлж байна” гэж дурджээ.
Уильямсон энэ асуудлаар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас саяхан алдагдсан мэдээллийг манай яамнаас гарсан гэж та бүхэн үзэж байгаад би харамсаж байна. Би ийм зүйл болоогүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мэдээлэл тарсан энэ асуудалд өөрийгөө холбоотой гэдгийг эрс эсэргүүцэж байна” гэж “твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тереза Мэйгийн албанаас Британийн Батлан хамгаалахын шинэ сайдаар Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байсан Пенни Мордонтыг томилсон байна.
Тереза Мэйгийн албанаас Засгийн газрын аль гишүүн нь Их Британийн тавдугаар үеийн хөдөлгөөнт холбоог байгуулахад Хятадын "Хуавэй" корпорацийг оролцохыг дэмжсэн тухай мэдээллийг хэвлэлд цацсаныг илрүүлэн ажиллах гэж байгаа тухай “Дэйли Телеграф” сонинд өмнө нь мэдээлж байсан билээ.
Энэ мэдээллийг тараасан хүнийг ямар албан тушаал хашдагаас нь үл хамааран шууд ажлаас нь халах болно гэж мэдээлж байсан юм.
Их Британийн Батлан хамгаалахын сайд огцорлоо | ||
Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.