Шууд Chart

Москвагаас Мурманск руу нисэх гэж байсан онгоц ослын буулт хийх үеэрээ шатжээ

2019-05-06 11:20:59

Москвагаас Мурманск руу нисэх гэж байсан зорчигч тээврийн “SSJ-100” онгоц Шереметьевогийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийх үедээ шатжээ. Онгоцон дотор байсан 78 хүний 41 нь амиа алдсан тухай Мөрдөн шалгах хорооноос мэдээлсэн байна. Тэдний нэг нь АНУ-ын иргэн байжээ.

Онгоцонд сууж явсан зарим зорчигч 1, 2-р зэргийн түлэгдэлтэй байгаа тухай Оросын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Зургаан хүнийг эмнэлэгт хүргэснээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онгоцны осолд амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлээд, тэдэнд туслах, ослын шалтгааныг сайтар тогтоохыг үүрэг болгосон байна. Өдгөө Шереметьевод Оросын тээврийн хяналтын газар, прокурорын газар, Мөрдөн шалгах хорооны шинжээчид ажиллаж байна.

Онгоц Москвагийн цагаар ням гарагийн 18:00 цагийн орчимд Шереметьевогоос нисч, Москва мужийн дээгүүр хэд хэдэн удаа тойрсны эцэст огцом доошилжээ. Ингээд 18:40 цагийн орчимд газардах үеэрээ шатсан байна.

Онгоц аянганд цохиулснаас шатсан гэж нэгэн зорчигч ярьсан байна. Үүнийг цаг уурын албанаас ч хүлээн зөвшөөрчээ. Цаг уурчдын мэдээлснээр ням гарагийн орой “Шереметьево” орчимд үүлэрхэг, салхитай байсан тул цахилгаан цахих, аянга буух магадлал өндөр байсан аж.

Мурманск муж онгоцны осолтой холбогдуулан гурав хоногийн гашуудал зарласан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Москвагаас Мурманск руу нисэх гэж байсан онгоц ослын буулт хийх үеэрээ шатжээ   
Үзсэн: 2195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй