
Туркийн Сонгуулийн төв хороо өнгөрсөн гуравдугаар сард болсон Стамбул хотын даргын сонгуулийн дүнг хүчингүйд тооцлоо. Энэ сонгуульд сөрөг хүчний төлөөлөгч ялалт байгуулсан юм. Дахин сонгууль зургаадугаар сарын 23-ны өдөр болно гэж “Би-Би-Си” агентлаг мэдээллээ.
Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы “Шударга ёс, хөгжил”-ийн нам сонгуулийн үр дүнгээр маргаан дэгдээж, сонгуулийг авлигатай, хуулийн зөрчилтэй явуулсан гэж үзжээ.
Стамбул хотын даргын сонгуульд гол сөрөг хүчин болох Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч Экрем Имамоглу багахан саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан юм. Дахин санал хураалт явуулах болсонтой холбоотойгоор Ардын хувьсгалт намын орлогч дарга Онурсал Адигюзель мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр “твиттер” хуудсаараа дамжуулан “Дахин сонгууль явуулна гэдэг нь Туркт эрх баригч намыг ялахыг хориглоно гэсэнтэй адил. Ард түмний хүсэл, хууль тогтоомжийг уландаа гишгэсэн улс төрийн систем бол ардчилсан, хууль ёсных биш. Энэ бол дарангуйлал” гэсэн байна.
Туркийн Сонгуулийн төв хорооноос өнгөрөгч дөрөвдүгээр сард нэр дэвшигч Экрем Имамоглуг Стамбул хотын даргаар сонгогдсон гэж баталсан. Тиймээс нэр дэвшигч Экрем Имамоглу Сонгуулийн төв хороог эрх баригч намын дарамт шахалтад бууж өгсөн гэж буруутгажээ.
Түүнчлэн тэрбээр “Бид өөрсдийн зарчмаасаа хэзээ ч ухрахгүй. Энэ улсад ардчиллын төлөө эцсээ хүртэл тэмцэх 82 сая хүн бий. Бүгдээрээ тайван байцгаая. Бид дахин ялалт байгуулах болно” гэж мэдэгдсэн байна.
Турк улсад өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд орон нутгийн сонгууль болсон юм.
Стамбул хотын даргын сонгуулийн дүнг хүчингүйд тооцлоо | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.