
Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл нар хүүтэй болсон талаар Букингемийн ордноос мэдээлж байна. Шинээр мэндэлсэн хүү хаан ширээ залгамжлагчийн жагсаалтад долоодугаарт бичигдэнэ.
Хунтайж Харри хүүтэй болсон талаараа өөрөө мэдэгджээ. Тэрбээр гэргий Меганыг нь бие давхар үед дэмжиж тусалж байсан бүх хүнд талархлаа илэрхийлсэн байна. Хүү тавдугаар сарын 6-ны өдөр Лондоны цагаар 05:26 цагт төрсөн, 3311 грамм жинтэй гэнэ.
Одоогоор хүүдээ нэр бодож олоогүй гэж хунтайж Харри хэлжээ. Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар хүүхдээ төрөх хүртэл хүйсийг нь мэдэхгүй байхаар шийдсэн юм.
Хунтайж Харригийн мэдэгдсэнээр эх, хүүхдийн биеийн байдал сайн байна. Тэрбээр хүүхдээ төрөх үед нь хамт байлцсан гээд “Би төрөх үйл явцад олон удаа оролцож байгаагүй ээ. Үнэнийг хэлэхэд, анх удаа л үзлээ. Үнэхээр гайхалтай, сэтгэл догдлуулам үйл явдал юм байна. Би эхнэрээрээ маш их бахархаж байна. Миний амьдралд хамгийн гайхалтай туршлага байлаа” гэжээ.
Хунтайж Харри хүүгээ үнэхээр хөөрхөн гээд “Бусад аав нарын адил би хүүхдээ хамгийн хөөрхөн нь, энэ бяцхан хүний төлөө үхэхэд ч бэлэн гэж хэлнэ. Би маш их аз жаргалтай байна” гэж мэдэгдсэн байна.
Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл хуримаасаа дөрвөн сарын дараа буюу өнгөрөгч аравдугаар сарын 15-нд бие давхар болсноо зарласан юм.
Хунтайж Харри, Меган Маркл нар хүүтэй болжээ | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.