Шууд Chart

Карлес Пучдемоныг Евро парламентад өрсөлдөхийг хориглосон шийдвэрийг цуцлав

2019-05-07 14:21:36

Каталоны Засгийн газрын тэргүүн асан, орон нутгийн салан тусгаарлагчдын удирдагч Карлес Пучдемоныг Евро парламентын сонгуульд оролцож болно гэж Мадридын захиргааны хэргийн шүүх даваа гарагт мэдэгджээ.

Ийнхүү шүүхээс Испанийн сонгуулийн комиссын гаргасан Карлес Пучдемон болон түүний Засгийн газрын гишүүд асан Тони Камин, Клара Понсати нарыг Европын парламентад өрсөлдөхийг хориглосон шийдвэрийг цуцалсан байна.

Испанийн Дээд шүүхээс энэ сарын 5-нд Карлес Пучдемон болон түүний хамсаатнуудыг Испанийн сонгуулийн комиссоос нэр дэвшихийг хориглосон нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Тэд сонгуульд оролцох нь Үндсэн хуулиар заасан үндсэн эрх нь гээд улс орноосоо зугтсан нь сонгуульд оролцох боломжгүй гэх шалтгаан биш гэж шүүхээс үзжээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Испанийн сонгуулийн комисс Пучдемон, Камин, Понсати нарыг Европын парламентад өрсөлдөх эрхгүй гэж үзжээ. Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч тэд Испанийн газар нутагт байхгүй, 2017 оны 10 дугаар сарын 27-нд Каталоны тусгаар тогтнолыг нэг талаас зарласнаасаа хойш Испанийн шүүхээс зугтаж аж төрж байгаа нь сонгуульд оролцохоос татгалзах шалтгаан гэж байлаа.

Карлес Пучдемоны хувьд Каталоны тусгаар тогтнолыг зарласныхаа дараа Бельгид нуугдаж буй. Тэрбээр шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан “Каталоны тусгаар тогтнох эрхийг илүү интернациональ болгох дахин нэг алхам хийх цаг ирлээ” гэж “твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Евро парламентын сонгууль энэ сарын 23-26-ны өдрүүдэд болно. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд болсон Испанийн парламентын сонгуульд Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч хөдөлгөөний таван тэргүүн парламентад суудал авсан юм. Тухайлбал, Каталоны Засгийн газрын тэргүүний орлогч асан Уриол Жункерас орж ирсэн. Испанийн парламентын дээд танхим Сенатад Каталоны Гадаад хэргийн сайд асан Рауль Ромева суудал авсан байна. Үүнээс гадна Жорди Турулл, Жорди Санчес, Жозеп Рулл нар гишүүний мандат авчээ. Тэд бүгд өдгөө шүүхийн шийдвэрийг хүлээн хоригдож байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Карлес Пучдемоныг Евро парламентад өрсөлдөхийг хориглосон шийдвэрийг цуцлав   
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй