Шууд Chart

Японд “Күүл биз” аяныг эхлүүллээ

2019-05-07 16:16:28

Япон улс хаан ширээ залгамжлах үйл явцтай холбоотой удаан үргэлжилсэн амралтын өдрүүдийн дараа “Күүл биз” аяныг эхлүүллээ. Энэ нь цаг агаар дулаан байгаа үед төрийн албан хаагчдыг ажилдаа зангиагүй ирэхийг зөвшөөрдөг аян юм. Зангиа зүүлгүй ирснээр тавдугаар сарын халуун өдрүүдэд ажил дээрээ агааржуулагч ашиглахгүй байх боломж бүрддэг.

Японы Байгаль орчны яамны ажилтнууд энэ аянд үлгэр жишээ үзүүлж зангиагүй ирсэн байна. Зарим нь Токиод хэдий сэрүүн байгаа ч богино ханцуйтай цамц, ургамлын зурагтай окинава маягийн цамц өмсчээ.

Харин сайд нар бүгд энэ аяныг дагасангүй. Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга, Батлан хамгаалахын сайд Такэши Ивая нар хэвлэлийн хуралд зангиагүй хэрнээ пиджак өмсөн оролцсон байна. Тэгвэл Хууль зүйн сайд Такаши Ямашита зангиагүй төдийгүй шар өнгийн цамцаар гангарсан бол Эрүүл мэнд, хөдөлмөр, баялгийн сайд Такүми Нэмото судалтай цамцтай ажилдаа ирсэн байна.

Хувцаслалтын хэв маягийг хөнгөвчлөх “Күүл биз” олон нийтийн аян тус улсад 2005 оноос хойш хэрэгжиж байна. Энэ аяны гол зорилго нь агааржуулагч, сэнсний ачааллыг бууруулах замаар хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах явдал юм.

Энэ аян зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл үргэлжилдэг байсан бол 2011 онд “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад гарсан осолтой холбогдуулан тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилдэг болжээ. Гэхдээ энэ жилийн аян есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжлэх юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Японд “Күүл биз” аяныг эхлүүллээ   
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй