Шууд Chart

Венесуэлийн парламентын долоон гишүүний бүрэн эрхийг нь цуцалжээ

2019-05-08 10:55:08

Венесуэлийн Үндэсний үүсгэн байгуулах хуралдаанаас сөрөг хүчний долоон гишүүний парламентын бүрэн эрхийг нь цуцалсан байна. Ингэснээр тэднийг цэргийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон асуудлаар шүүх боломжтой болж байна гэж тус хуралдааны тэргүүн Дисодадо Кабельо мэдэгджээ.

Эдгээр гишүүний тоонд Энри Рамос, Луис Флоридо, Марианеле Мегальянес, Хосе Симоне Кальсадилье, Андрес Дельгадо Валаскесе, Америго де Грация болон Ричард Бланко Дельгадо нар багтжээ. Венесуэлийн Дээд шүүхээс мягмар гарагт тэдний эсрэг мөрдлөг шалгалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан байна.

Харин өөрийгөө тус улсын Ерөнхийлөгч гэж зарласан Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдо эдгээр сэжигтний тоонд ороогүй байна. Сөрөг хүчний гишүүдийг эх орноосоо урвасан, хуйвалдаан зохион байгуулсан, бослогод өдөөн турхирсан, иргэний бослого явуулсан, засгийн эрх булаах оролдлого хийсэн зэрэг хэрэгт буруутгажээ.

Венесуэлийн сөрөг хүчин 4 дүгээр сарын 30-нд төрийн эргэлт хийхийг оролдсон юм. Хуан Гуайдо болон түүнийг дэмжигчид Каракаст “Карлота” цэргийн баазын өмнө цугларч, Ерөнхийлөгч Николас Мадурог унагах “Эрх чөлөө” ажиллагаа эхэлснийг зарласан билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Венесуэлийн парламентын долоон гишүүний бүрэн эрхийг нь цуцалжээ  
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй