Шууд Chart

Түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв

2019-05-14 15:37:44

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдав. Хуралдаан 14 цаг 53 минутад 57.1 хувийн ирцтэй эхэлж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нараас мэдээлэл сонсох,  Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэхээр тогтлоо.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд дээрх хэргийн хүрээнд явагдсан гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын видео бичлэгийг үзүүлсэн байдгийг хэлээд “Түр хорооны гишүүдэд холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулах шаардлагатай. Иймд Тагнуулын ерөнхий газарт тэрхүү мэдээллийг Түр хорооны гишүүдэд танилцуулах хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэв. Түр хорооны үйл ажиллагааг шуурхай явуулах, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойших гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай Түр хорооны гишүүд танилцах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргав.

УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргалаа. Уг саналыг Түр хорооны дарга Ж.Батзандан хүлээн авч, өнөөдрийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээ.


Түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй