
Хүмүүс нулимсыг гол төлөв бэрхшээл, зовлонтой холбон төсөөлөөд инээмсэглэл, инээдийг баяр баясгалантай холбодог. Үүний тод жишээ бол америкчууд. Тэд үргэлж л инээмсэглэж явдаг. Гэхдээ дандаа сайхан амьдралтайдаа тэгээд байна гэж эндүүрэх хэрэггүй.
Ил тод инээмсэглэл нь өөртөө итгэлтэй, эрүүл саруул хүн гэдгийг илтгэдэг болохоор нэг талаас хүмүүст муугаа харуулахгүй гэж байгаа хэрэг. Нөгөө талаас инээмсэглэхэд эргэх холбоосоор тархинд эерэг дохио очиж, тэгснээр цаашлаад бие махбод нь бүх юм "окей" гэсэн дохио хүлээн авснаар тайвширч, цэвэршиж байдаг. Тэгэхээр таагүй яваа үед инээмсэглэл нь нэг ёсны эм болж өгдөг.
Харин таагүй, сөрөг зүйлтэй холбоотой нулимс ч гэсэн хүний таагүй зүйлсийг инээдтэй адилаар арилган цэвэрлэж чаддаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сэтгэл хөдлөлөө нулимсаараа илэрхийлж чаддаг цорын ганц амьтан хүн ч гэлээ тун саяханыг хүртэл яг яагаад, юунаас болоод уйлаад байгаагаа сайн мэдэхгүй байсаар иржээ. Энэ талаар янз бүрийн судалгаа байдгаас нулимс асгарахад хүргэдэг нийт шалтгааны 50 хувийг зовлон бэрхшээл, 21 хувийг аз жаргал, бусад нь уярах, уурлах, өвдөх, өрөвдөх байдаг аж.
Ингээд энэ мэт шалтгааны улмаас хүн амьдралынхаа явцад дунджаар 70 литр орчим нулимс асгаруулдаг юм байна. Зарим хүн нулимсыг нүдийг чийгшүүлж, илүүдэл давсыг гадагшлуулахаас өөр үүрэг, ач холбогдолгүй, нууж далдалж байх ёстой шорвогдуу амттай ус төдий зүйл гэж андуурдаг.
Гэтэл бодит байдал дээр байдал тэс өөр байгааг судлаачид тогтоосон байна. АНУ-ын Миннесота мужийн Уильям Фрэй эмч маш сонирхолтой туршилт явуулж нулимсны молекулын бүтцийг судалсан байна. Ингэхэд нулимс нь хүний биед маш хэрэгтэй гурван чухал химийн бодисоос тогтож байгааг илрүүлжээ. Үүнд:
• леуцинэнкрофалин – Энэ бодис нь морфинтэй адил үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдааж, тайвшруулдаг.
• лиоуциллин – Бактер ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан агшин зуур устгах нөлөө үзүүлдэг бодис.
• Пролактин – Бие махбодид эерэг нөлөө үзүүлэхээс гадна ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд сүү үүсэх үйл явцыг өдөөж өгдөг бодис.
Энэ гурваас гадна стресс ба харуусал, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисууд нь нулимстай хамт хүний биеэс гадагшилдаг байна.
Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийг авч одсоноор хүнийг илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болгодог гэсэн үг.
Итгэхгүй бол монголчуудын дундаж наслалтын статистик үзүүлэлтийг асууж сураглаад сонирхоод үзээрэй. Эмэгтэйчүүд илүү урт наслаж байгаа нь харагдана. Ер нь л хаа сайгүй ийм байдаг. Үүнд мэдээж маш олон зүйл нөлөөлдөг ч нулимсаараа сэтгэлээ уудлан, таагүй зүйлээс салж чаддаг гэсэн эмэгтэйчүүдийн давуу тал өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа нь гарцаагүй. Дэлхий нийтээр хийсэн судалгаанаас үзвэл, эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлж нулимсаа гаргадаг бөгөөд дунджаар долоон насаар урт насладаг аж.
Бас нэг зүйл сонирхуулахад, "охин шиг уйлаад" гэж хөвгүүдийг загнах нь цөөнгүй сонсогддог. Гэтэл бэлгийн бойжилт гүйцэхээс өмнөх шатанд хөвгүүд нь охидоос илүү олон удаа нулимс дуслуулдаг болохыг олон тооны ажиглалт, судалгаагаар тогтоосон байдаг ажээ. Харин уйлдаггүй байсан охид бүсгүй хүн болоод ирэхээрээ илүү уйламтгай болдог юм байна. Эмэгтэйчүүдийн нулимс нь эрчүүдийнхээс хагас градусаар дулаан. Мөн эмэгтэйчүүдийн нулимсыг бүрдүүлэгчид нь эрчүүдийн нулимсныхаас илүү хөдөлгөөнтэй болохоор нулимстай нүд нь илүү тод гялалзаж харагддаг.
Химийн найрлагын хувьд нулимс нь цустай ойролцоо болохоор орчин үед оношлогоонд өргөн ашиглагддаг болсон. Жишээлэхэд, удамшлын өвчнийг тодруулах, юунаас болж сэтгэл гутралд ороод байгаа зэрэг олон зүйлсийг тодруулах боломжтой болжээ.
Тэгэхээр сэтгэл хөдөлгөсөн ном уншиж, нэвтрүүлэг үзэж, дуу сонсож байхдаа хааяа нэг ч болов нулимс дуслуулахад ичиж зовох зүйл огтхон ч байхгүй. Харин ч бүр стресс бухимдлаар дүүрэн орчин үеийн амьдралд чамлахааргүй ач тустай зүйл. Гэхдээ хэрэгтэй гээд "усан нүдэн гүнж" болж хэтрүүлэхгүй гэдэгт найдаж байна.
Ер нь товчхон хэлэхэд, чин сэтгэлээсээ нулимс дуслуулж чаддаг хүн л үнэхээр чин сэтгэлээсээ инээж чаддаг гэчихвэл нэг их хол зөрөхгүй биз.
Эцэст нь эрчүүд ба эмэгтэйчүүдийн уйлахад хүргэдэг шалтгаанууд ямар байдаг талаарх статистик мэдээ сонирхуулъя.
Эрчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:
1. Бахдал, бардамнал г.м. маш хүчтэй сэтгэл хөдлөл (спортын ялалт, Төрийн дуулал, гайхалтай ялалт) – 38 хувь
2. Өвдөлт (өвчин, шарх, эмчээс айх, ) -23 хувь
3. Хайр дурлал (хардалт, салалт) -20 хувь
4. Гашуудал (хайрладаг, хүндэлдэг дотны хүний үхэл) -14 хувь
5. Баяр хөөр – 17 хувь
Эмэгтэйчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:
1. Өрөвдөх, уярах гэх мэт маш хүчтэй сэтгэл хөдлөл (хайрлах, хуримлах, кино, нэвтрүүлэг) -71 хувь
2. Хайр дурлалтай холбоотой сэтгэл хөдлөл – 42 хувь
3. Өвдөлт (өвчин, шарх) -36 хувь
4. Баяр хөөрөл – 29 хувь
5. Уур, уцаар, шар – 22 хувь
6. Гашуудал – 21 хувь
Эх сурвалж: www.103.mn
Хааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай | ||
Үзсэн: 3117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.