Шууд Chart

Х.Хоснаран: Өөрийгөө гудамжны ханан дээр зурдаг зураач болно гэж төсөөлж ч байгаагүй

2019-05-29 09:42:36

Австралийн Мельбурн хотод амьдарч уран бүтээлээ туурвидаг, зураач Х.Хоснарантай ярилцлаа. Тэрбээр граффити урлагийн шинэ төрлөөр буюу гудамжны дүрслэх урлагийн бүтээл урладаг.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн. Сайн байна уу. Намайг Х.Хоснаран гэдэг. Heesco (Хиско) нэрээр минь хүмүүс илүү мэдэх байх. Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгссөн. 1999 онд Австралийн Сидней хотод ирж, Sydney College of the Arts (SCA)-д элсэж, орчин үеийн урлаг, уран зургийн чиглэлээр суралцаж төгссөн. Одоо Австралийн Мельбурн хотод гэр бүлээрээ амьдардаг. Гудамжны дүрслэх урлагийн бүтээл буюу ханан дээр зураг зурдаг.

-Австралид очихынхоо өмнө энэ төрлийн бүтээл урлаж байв уу?

-Монголд энэ чиглэлээр зурж байгаагүй. Голдуу хичээлийнхээ дэвтрийн арын хуудсанд хар цагаан зураг зурдаг хүүхэд байсан (инээв). Мөн дунд сургуульд байхдаа цагаан шрифтээр “Xucko” гэж сургуулийн ханан дээр бичээд багш нартаа загнуулж явсан. Би бүр багаасаа л зураг зурах дуртай, зураач хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ. Ухаан орсноосоо хойш л харандаа, цаастай “найзалсан”. Цэцэрлэгт байхдаа ангидаа зургийн үзэсгэлэнгээ гаргадаг байлаа.

-Гудамжны дүрслэх урлагтай хэрхэн холбогдов. Нийт хэдэн бүтээл урласан бэ?

-Гудамжны дүрслэх урлаг буюу хананы гадна хэсэгт бүтээлээ туурвидаг урлагтай 2000-аад оны эхэн үед их сургуулийн оюутан байхдаа танилцсан. Banksy, Shephard Fairey (OBEY), David Choe гэх мэт уран бүтээлч гудманд зураг зурдаг байлаа. Тэд анх гудамжны урлаг гэдэг хөдөлгөөн үүсгэсэн гэж хэлж болно. Удалгүй Австралид ч гэсэн энэ чиглэлээр Anthony Lister, Ben Frost, Meggs нарын уран бүтээлч тодорч гарсан.

Нийт зургийн тоо гэхээр зураг зурсан хананыхаа тоог алдсан. Би 2010 онд Мельбурн хот руу нүүж ирсэн. Тэр үеэс л хананы зураг зурж эхэлсэн. Түүнээс хойш долоо хоног бүр дор хаяж 1-2, заримдаа 3-4 зураг зурдаг. Зогсоо зайгүй зурсаар есөн жил болсон байна. Ханан дээр зурсан бүтээлийнхээ гэрэл зургийг аваад өөрийн “фэйсбүүк”, “инстаграм” хуудсандаа оруулдаг.

-Гудамж, барилгын хананд зураг зурахдаа зөвшөөрөл авдаг уу?

-Анх зурж эхлэх үедээ зөвшөөрөл өгсөн, өгөөгүй хоосон хана олдвол л зурчихдаг байсан. Сүүлдээ хүмүүст танигдаж эхэлсэн болохоор хана, зөвшөөрөл асуудалгүй болсон. Гэхдээ мэргэжлийн өвчин гэдэг шиг л энэ тэнд явж байхдаа зураг зурахад тохиромжтой хана байна уу гэж анзаарч явдаг(инээв).

-Австралиас өөр улсад таны урласан бүтээл бий юу?

-Голдуу Австралид зурдаг. Гэхдээ АНУ-ын Нью-Иорк хотод дөрвөн удаа очсон. Очих бүртээ зураг зурсан. Мөн Вьетнам улсаар аялах үедээ зураг зурж байсан. Мэдээж Монголдоо очих болгондоо зураг зурж үлдээдэг. 2012 оноос хойш тогтмол очиж зураг зурсан. Монголд миний нэлээд олон зураг бий. 2012 онд “Австралийн элчин сайдын яамаар дамжуулж, “ironlak” будаг Монгол руу оруулж, зураг зурж байсан.

-Таны ханан дээр зурсан зураг хэдий хугацааны настай байдаг вэ?

-Янз бүр будагныхаа чанараас их хамаарна. Захиалгаар зурсан зургаа тунгалаг лакаар бүрж хамгаалах тохиолдол цөөнгүй гардаг. Ингэж гэмтэхээс нь хамгаалаагүй зургаа дахин очиж засварлаж байсан. Би өөр хүний бүтээлийг дарж, давхарлаж зурдаггүй. Өөрөө сул хоосон хана хайж олоод түүн дээрээ бүтээлээ урладаг болохоор хүмүүс миний бүтээлд гар хүрэх нь ховор байдаг.

-Та олны танил хүмүүсийн хөргийг зурсан. Өөрсдөө хүсэлт илгээдэг үү эсвэл та дур мэдээд зурчихдаг уу?

-Монголын олны танил хүмүүсээс реппэр Big Gee, дуучин Ука, загвар өмсөгч Т.Туяамаа, топ модел Г.Одноо, модел Д.Шүрэнцэцэгийн хөргийг зурж байсан. Ер нь өөрсдөө мэдээгүй байхад нь би дураараа зурчихсан юм. Загвар өмсөгч Т.Туяамааг хэд хэдэн удаа зурсан. Нэг хэсэг Австралид ажиллаж байсан монгол моделиудтай хамтарч ажилласан. Тухайн үед бие биенээ дэмжиж ажиллах санал тавиад харилцан тохирсны үндсэн дээр тэднийг бүтээлдээ буулгасан.

Би ихэвчлэн хөрөг зурдаг. Тиймээс яагаад монгол дүр төрхийг гудамжны дүрслэх урлагт буулгаж, хадгалж үлдэж болохгүй юм гэж бодоод энд ажиллаж байсан монгол бүсгүйчүүдийн хөргийг, өөрсдөөс нь зөвшөөрөл авч буулгаж эхэлсэн. Моделиудын хөргийг зурахад нэг давуу тал бий. Учир нь тэдэнд мэргэжлийн гэрэл зурагчнаар даруулсан чанартай фото зургууд байдаг. Надад бүтээлээ урлахад гэрэл сүүдэр нь таарсан зураг байхад л хангалттай.

-Гудамжны дүрслэх урлагийн чиглэлээр бүтээлээ туурвиад санхүүгийн хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг уу эсвэл давхар ажил эрхэлдэг үү?

-Сүүлийн 6-7 жил дан энэ урлагаараа л дагнаж байна. Өмнө нь бол реклам чимэглэл, хэвлэлийн газарт ажилладаг байсан. Оюутан байхдаа хийгээгүй хар ажил бараг байхгүй.

-Австралид очоод анх төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Анх Сидней хотод ирээд амьдралдаа харж байгаагүй олон өндөр байшин хараад үнэхээр гайхаж байсан (инээв). Мөн Сидней үнэхээр сайхан цаг агаартай газар.

-Австралид сурч, амьдрах хүсэлтэй монгол залуус олон бий. Тэдэнд юуг зөвлөх вэ?

-Зөвхөн Австрали гэлтгүй гадны оронд сурах зорилготой бол сэтгэлзүйн маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэлээ сайн сур, бүсээ чангал. Цаг хугацаагаа сурахад бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Энд бүх л юм өндөр үнэтэй. Ирснийхээ дараа сурахын хажуугаар ажил хийхгүй бол санхүүгийн хувьд хүнд байдалд орно. Ер нь барууны орнуудад нийгмийн амьдрал мөнгөн дээр тогтсон байдаг болохоор өдөр бүр, цаг минут болгоныг үр дүнтэй ашиглаж, өөрийгөө бүрэн дүүрэн дайчлах хэрэгтэй болдог. Ийм нийгэмд амьдрахад хувь хүн ч өөрөө хөгжиж, боловсордог. Гол нь залхуу зантай байж болохгүй. Залхуурал бол хамгийн утгагүй үйлдэл.

-Та 20 жилийн өмнө өөртөө тавьсан зорилго, мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Тухайн үед миний мөрөөдөл уран бүтээлч болох, зурсан зургаараа амьдралаа залгуулах хэмжээнд очих байсан. Тэгэхээр энэ тал дээр мөрөөдөл минь биелсэн. Гэхдээ би хэзээ ч гудамжны ханан дээр зураг зурдаг зураач болно гэж төсөөлж байгаагүй. Хүний амьдрал ийм л сонин байгаа юм даа. Анх өөрийгөө ирээдүйд комик номын зураач болно гэж боддог байлаа. Дараа нь галерейд уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэнэ гэж хүсэх болсон. Гэтэл одоо 30 метрийн өндөртэй ханан дээр бүтээлээ туурвидаг зураач болсон байна.

-Та ирээдүйд комик ном бүтээж, уран зураг зурах уу?

-Уран бүтээлч, зураач нар тогтмол зургаа зураад, ур чадвар нь сайжирч байгаа тохиолдолд байнга олон шинэ боломж гарч ирсээр байдаг. Тиймээс ирээдүйд юу тохиолдож, ямар ч гоё боломж гарч ирэх юм билээ бүү мэд.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Х.Хоснаран: Өөрийгөө гудамжны ханан дээр зурдаг зураач болно гэж төсөөлж ч байгаагүй  
Үзсэн: 5509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-05-29 14:25
Mash saixan zurdag zaluu baina Amjit xysie
Бөх [127.0.0.xxx] 2019-05-29 11:27
Энэ зураачийн утсыг олж өгнөүү. 99014862
Зочин [127.0.0.xxx] 2019-05-29 11:18
Мундаг авъяастай залуу байна яг л фото зураг шиг зуржээ.Амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй