Шууд Chart

Н.Дорж: Нийслэлд хуурайшилт ихтэй учраас түймэр гарах эрсдэл өндөр байна

2019-06-06 11:48:48

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн иргэд ууланд алхах, ой модонд очих нь нэмэгддэг. Ингэхдээ орчноо бохирдуулах, асаасан гал, түүдгээ унтраалгүй явснаас үүдэлтэй түймэр гарах эрсдэл үүсдэг. Тиймээс Нийслэлийн байгаль орчны газраас байнгын эргүүл хийж эхэлсэн. Бид Сонгино хайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэсгэр Зүүн салааны Богинын аманд эргүүл хийж явсан Байгаль орчны улсын байцаагч Н. Доржоос дараах тодруулгыг авлаа.

-Нийслэлийн ногоон бүсэд эргүүл хийж байна. Ямар зөрчил дутагдлууд гарч байна вэ?

-Би Толгойт очмын хоёр байгаль хамгаалагчтайгаа Зүүн салаанд ажиллаад явж байна. Энэ жилээс Нийслэлийн байгаль орчны газар үнэрч нохойтой болсон. Түүнийгээ сургах,  дадлагажуулах ажлыг давхар хийж байгаа. Аялал, зугаалгын улирал эхэлсэн. Нөгөөтэйгүүр нийслэл орчимд хуурайшилт их байгаа учраас гал түймэр гарах эрсдэл өндөр байна. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд ууланд аялахдаа анхаарал болгоомжтой, гал түймрийн аюулаас сэрэмжилж байхыг сануулъя. Бид байнгын эргүүл хийж байна. Нийслэлийн хэмжээнд байгаль орчны 30 гаруй байцаагч ажилладаг. Мөн идэвхтэн байцаагч нар ажиллаж байна.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 15 хүртэл ойн сан бүхий газарт гал түүдэг асаах, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон. Уг шийдвэрийг зөрчсөн иргэд, байгууллагад ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Нийслэлийн Засаг даргын Ойн сан бүхий газар аялал зугаалга зохион байгуулахыг хориглохтой холбоотойгоор гарсан захирамжийг зөрчсөн нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээгээд прокурорт хянуулдаг. Тэгээд 300 мянган төгрөгөөр торгоно.

Иргэд байгаль орчны боловсролтой, өөрсдийн газар нутагтаа хүнтэтгэлтэй ханддаг бол бид бүхэн заавал торгууль шийтгэл, хууль яриад яваад баймаагүй байгаа юм. Адаглаад ойд орилж хашгирч болдоггүй юм. Энд олон амьтан байгаа шүү гэж үр хүүхэддээ зааж сургамаар байна. Тарьсан хогоо хүний, өөрийн гэлтгүй сайхан цэвэрлээд аваад явчихдаг, асаасан гал түүдгээ бүрэн утраагаад буцдаг байвал болчихно.

-Он гарсаар Зүүн салааны орчимд ой хээрийн түймэр гарсан уу?

-Гурван удаагийн түймэр гарсан. Хотоос муу хувцас шатаах гэж ирээд гал алдсан, мөн энэ ногоон бүсэд амьдардаг иргэн гагнуур хийж байгаад, тастагч ажиллуулж байгаад гал алдсан тохиолдолууд гарсан. Хуурайшилт их байгаа учраас жижигхэн оч үсэрхэд л гал авалцаад явчихдаг. Харин цаг алдалгүй Онцгой байдал дуудаж богино хугацаанд унтраасан.

-Иргэн аж ахуйн нэгжид ойн сан бүхий газарт газар өмчлүүлэхийг хориглосон. Гэвч бодит байдал дээр маш их газар хашаалчихсан харагдаж байна.

-Бид яг энэ асуудлыг шийдвэрлэхээр мөн ажилладаг. Газар хашаалсан, байшин, орон сууц барьж байгаа нөхцөлд холбогдох арга хэмжээг авч буулгах ажлыг хийгээд явж байна. Энд газрын албанаас зөвшөөрлөө авчихсан байшин барих гээд зогсож байгаа иргэд ч олон таардаг. Баруун салаанд зургаан айл, Зүүн салаанд хоёр айл одоогоор байна. Хуулиараа ойн сан бүхий газраас 100 метрийн зайд олгох ёстой. Гэвч манайхан яг ойн цоорхойд л өгсөн байдаг. Тухайн иргэд хашаа, байшингаа барихдаа нэг ч мод тогтолж тайрахгүйгээр барина гэж байхгүй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртлэх арга хэмжээг авч байна.

-Нийслэлийн байгаль орчны газар анх удаа үнэрч нохой авч ажиллуулж байгаа тухай дээр ярьсан. Энэ талаар тодруулж яривал?

-Энэ нохой таван настай. Нисэхэд ажиллаж байгаад манайд ирээд байна. Бид Эмээлт өртөө, 22-ийн товчоогоор орж ирсэн хориотой ангийн мах болон бусад зүйлийг илрүүлэхдээ ачаа тээшийг нь онгичихоос өөр араггүй. Үнэрч нохойтой болсноор тухайн машинд хориотой эд зүйл байгаа эсэхийг түвэггүй мэдчих боломжтой. Түймэр гарлаа гэхэд үнэрээрээ мэдээ дамжуулах, цаг агаарын мэдээ дамжуулах жишээтэй. Өөрөөр хэлбэл, нохой бол том багаж хэрэгсэл, байгаль орчны байцаагч. Гэхдээ цалин нэхэхгүй, ээлжийн амаралт авахгүй, цэнэг нь дуусахгүй гээд давуу тал ч их байна. Нохой хүнээс нэг сая дахин илүү үнэрлэх чадвартай. Харин нохойгоо дасгах, хэрхэн хамтарч ажиллах вэ гээд дадлага, сургуулиалтаа хийгээд анхныхаа эргүүлийг ой модонд хийгээд явж байна.

Нийтэлсэн: Д.Баяржаргал

Н.Дорж: Нийслэлд хуурайшилт ихтэй учраас түймэр гарах эрсдэл өндөр байна  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй