Шууд Chart

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2019-06-07 15:47:21

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.07) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад  эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцоллоо. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, З.Нарантуяа  нар  асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэх эсэх цаашлаад уг нэмэлт, өөрчлөлтийн төслийг  бүх ард түмний санал асуулга явуулж хэлэлцүүлэх талаар тодруулж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх босгыг намсгасан шалтгааныг лавласан. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.6-д “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй явуулна” гэж заасан байдаг ч, 11.5-д “Энэ хуулийн 11.3.6-д заасан заалтын хэлэлцүүлгийн үе шатын хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн (хэм хэмжээний бус) шинжтэй хойшлуулшгүй асуудлуудыг шийдвэрлэхэд хамаарахгүй” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 24.7 “хуулиар Улсын Их Хурлаас хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно” гэж тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов.

Мөн тэрбээр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заавал ард түмний санал асуулга явуулж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэсэн заалт байхгүй гэдгийг тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулсан атлаа Байнгын хорооны хуралдааны хэлэлцэн, шийдвэрлэх асуудал зохицуулалтгүй орхигдсон байдаг. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ердийн олонхын саналаар бус гуравны хоёрны саналаар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж босгыг нь нэмж, төсөлд тусгасан. Ингэснээр Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаад зургаа нь асуудлыг шийдэх бус олонхоороо шийдэх босгыг нь өндөрсгөсөн гэж хариулж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжив. 


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй