Шууд Chart

Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө

2025-10-30 13:05:59

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн явц, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гарц шийдэл тодорхойлдог ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.

Тухайлбал, Хүннү хот төслийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлууд өрнөж байна. “Хүннү” /Аэросити/ дэд станц нь тус хотын Засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн бөгөөд 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай 3 хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй “Олон түвшний уулзвар” төслийн хувьд, Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Хан-Уул дүүргийн 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, Баянзүрх дүүргийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.

“Лаг шатаах үйлдвэр” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авсан. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарыг орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийг Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулах талаар судалж ажиллах шаардлагатай”-г тодотгон, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө.


Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй