Шууд Chart

Хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээсэн эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авчээ

2019-06-25 11:17:54

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчээс ирүүлсэн гомдлын дагуу “Би Си Хеалт” ХХК-ний Ласанте эмнэлэгт холбогдуулан Зөрчлийн хэрэг нээн шалгасан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Ласанте эмнэлэг нь өөрсдийн “La Sante Center” фэйсбүүк хуудсандаа “Ласанте эмнэлэг нь бэлэгтэй азтантай эмэгтэйчүүдийн аарцаг, ёроолын булчин чангалах нөхөн сэргээх физик эмчилгээнд бүтэн 1 курсээр нь 100 хувь үнэ төлбөргүй орох азтан шалгаруулна, 1 100 000 төгрөгний бонус зарлалаа, миомыг бүтцээс нь хамааруулан шимэгдүүлэх эмчилгээг танд эмгүй, мэсгүй, өвдөлтгүй нөхөн сэргээх физик эмчилгээгээр хийж байна, эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг мэсгүй, өвдөлтгүй, зовиургүй эмийн бус аргаар эмчилж байна” гэх зэрэг зар сурталчилгаа байршуулсан нь тогтоогдсон.

Дээрхи үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана”, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д заасан шийтгэл оногдуулж, 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хууль бус зар сурталчилгааг түгээж, бүтээж, захиалж байгаа аж ахуй эрхлэгчдэд хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна.
Хуулиар хориглосон зар сурталчилгааны талаарх мэдээллийг 1800-1284 утсанд хандаарай.

ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР


Хуулиар хориглосон зар сурталчилгаа түгээсэн эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авчээ  
Үзсэн: 1651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй