
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор өнөөдөр эхэлсэн.
Фото сэтгүүлч Кристоф Гуссар 1970 онд Францын Жиранд мужид төрсөн. Өдгөө Борду хотод ажиллаж амьдардаг. Тэрбээр баримтат гэрэл зураг түлхүү авдаг бөгөөд зах хязгаарын алслагдмал газар орны амьдрал ахуй, Ливи, Иемэн зэрэг дайн тулаантай газрын бодит нөхцөл байдлыг гэрэл зургийн хальснаа буулгаж байжээ. Үүнээс гадна дэлхийн олон үндэстэн ястан болоод янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, тэдний хөрөг зургийг баримтжуулан авч үлдсэн аж. Мөн байгалийн гэрэл зураг авдаг.
Түүнчлэн фото сэтгүүлч Кристоф Гуссар 1994 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл Монголд суурьшиж, зургаан сар гэрэл зураг авчээ. Энэ үеэрээ баяр наадмын үйл явдлыг ч гэрэл зургийн хальснаа буулгасан байна. Тэгвэл Монгол дахь Францын Элчин сайдын яамны урилгаар Кристоф Гуссар “25 жилийн тэртээгээс ирсэн нүүдэл” нээлттэй үзэсгэлэнгээ Монгол дахь Францын Элчин сайдын яамны гадаах талбайд гаргажээ. Эл үзэсгэлэнд түүний 25 жилийн өмнө Монголд авсан гэрэл зургууд багтсан юм.
Энэ талаараа Францын фото сэтгүүлч Кристоф Гуссар “Би 1995 онд Монголын нүүдэлчин ард түмний ахуй амьдралтай танилцсан. Италийн нэрт аялагч Марко Пологийн аян замын тэмдэглэл болон Чингис хааны үр садтай уулзсан уулзалтын тухай түүхэн баримтууд Монгол Улсад аялах хүсэл тэмүүллийн минь галыг ноцоосон. Түүнчлэн тухайн үед социалист нийгэм задарснаар надад гео-политикийн хувьд Монголд ирэх таатай боломж бүрдсэн. Би хамгийн анхны гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Улаанбаатарын өнгө”, “Үндэсний баяр – Наадам”, “Тал нутгийн малчдын амьдрал” сэдвээр гаргасан. Энэ жилийн хувьд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалт, эрийн гурван наадмын зургийг авна. Мөн наадам эхлэхийн өмнө бөхийн гал дээр очиж, Олимпийн аварга, Монгол Улсын заан Н.Түвшинбаяр тэргүүтэй үндэсний бөхчүүдийн бэлтгэлээ базааж буй болон “Дээлтэй Монгол наадам”-ын гэрэл зургийг авсан.








Кристоф Гуссар: Марко Пологийн аян замын тэмдэглэл Монголд ирэх хүслийг минь бадраасан | ||
Үзсэн: 2182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.