Шууд Chart

До.Цэнджав: Зовлон гэдгийг эдэлж байж, жаргалын үүдийг нээнэ

2019-07-23 10:48:10

Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, Д.Бодоогийн шагналт, сэтгүүлч, нийтлэлч До.Цэнджавтай хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Таны нэрийг Төвд хэлнээс буулгавал их гүн утгатай юм билээ. Нэрийг тань хэн хайрласан бэ?

-Дээр үед хүүхдэд тохиолдлоор нэр өгдөггүй. Нутгийн их эрдэм номтой хүнээс асуудаг байсан. Хожим 1990-ээд оны үед их том лам болж тодорсон нутгийн минь хүн миний нэрийг өгсөн юм билээ. Манай МУИС-ийн  зөвлөх профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам миний нэрийг Төвд хэлнээс “Насны судар аварна” гэж хөрвүүлсэн. Хүн гэдэг амьтан нэрэндээ л эзэн болж явах ёстой. Муу нэр гэж байхгүй, муу хүн гэж байдаг. Нэр нэг хиртхийн бол ахиж олдошгүй. Хүн нэрээ хадгалж, хайрлах хэрэгтэй.

-Сэтгүүл зүйн 1000 гаруй бүтээл, 10 гаруй сурах бичиг, гарын авлага, яруу  найргийн гурван түүвэр, хоёр кино зохиол, зургаан роман гэхээр та утга зохиолын бүхий л төрлөөр бүтээл туурвижээ?

-Утга зохиолын төрөл бүр өөр. Тэр дотроо роман гэхэд хэдэн арван чиглэл урсгалтай. Миний ажигласнаар залуудаа яруу найраг бичиж байгаад хүүрнэл зохиолын төрөл рүү орсон хүний бүтээлүүд өөр байдаг. Шууд тууж, роман бичсэн хүн бас өөр. Яагаад гэхээр яруу найраг хүний сэтгэлгээ, хэлийг эвддэг. Чөлөөт хандлага бий болгож, нээлт хийдэг, мэдрэхүйтэй болгодог. Их хүчтэй яруу найрагч бол үргэлжилсэн үг бичиж чаддаггүй. Гэхдээ шүлэг бичиж байсан хүн роман тууж бичихэд хэл, сэтгэлгээ, уран сайхан өвөрмөц байдаг. Хэлээ билүүдэх, уян зөөлөн, тансаг болгож, утгажуулан төгөлдөржүүлэх хэрэгтэй. Зохиолч хүний хамгийн эрхэм баялаг эх хэл. Түүнийгээ монгол хэл найруулгын гайхамшигтай илэрхийлэл болгох хэрэгтэй. Эх хэл ч яахав дээ гэсэн зүйл сонсогдоод байдаг. Энэ бол туйлын буруу үзэгдэл шүү.   

Олон туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэж ахмадууд ярьдаг байсан. Дээр үеийн зүйр цэцэн үгийн агуулга одоо цагт их өөрчлөгдөж байна. Хэрвээ хүн чадаж л байвал бүхий л авьяасаа бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Би ахиад төрөхгүй. Мөн би өөрийгөө гайхуулахын тулд олон төрлөөр бичээгүй. Харин савны ёроолд маань юм байвал тэр бүхнийг л шахаад гаргах хэрэгтэй. Тэрнээс би яруу найрагч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч болно гэж байгаа бус өөрт байгаа нөөцөө гаргаж байгаа хэрэг.

-Романы хэдэн арван чиглэл урсгалаас яагаад түүхийг барьж авав?

-Би багадаа түүх, домог, үлгэр, туульс сонсож өссөн. Тэр үеэс МУИС-ийн түүхийн ангид элсэнэ гэсэн чин бодолтой байсан. Миний багад улсдаа хамгийн хатуу Чунт гэдэг багш манай ангид түүхийн хичээл заадаг байлаа. Яагаад хатуу гэхээр Чунт багш бүр “Нэг” гэсэн дүн тавьдаг. Тэр багш маань намайг их үнэлдэг байсан юм. Тэр их нөлөөлсөн гэж боддог. Одоо манайд судалгаат утга зохиол ярих цаг болсон. Хүн санаанд орсон юмаа зохиогоод буулгадаг цаг үе өнгөрч байна. Ялангуяа амьдрал, түүхээ судлах хэрэгтэй. Манайд түүхэн роман бичиж буй хүн маш олон байна. Уран сайхны сэтгэлгээ фантази түүхэнд байж болохгүй. Хэт их фантазилснаар түүх гуйвж байна. Уншсан түүхийн нэг өгүүлбэрээ задлаад, дэлгэрүүлээд явж буй зохиолч байна. Мөн түүх, уран зохиол хоёр мөсөн уул шиг мөргөлдөх тавилангүй ч шүргэлцэх ёстой. Дэлхийн утга зохиолын чиг хандлага дандаа түүх. Түүх, утга зохиол хоёр өөр судлагдахуунтай боловч бие биенээ нөхсөөр ирсэн. Бүх л улс орон түүхээ уран сайхан, урлаг болгож байна. АНУ-ын ерөнхийлөгчдийн тухай асар их ном байдаг ч нэмж хэвлэгдсээр л байна. БНХАУ, БНСУ дандаа л түүхэн кино хийж байна. Би бичиж л байсан түүх бол бахархал, эмгэнэл хоёр гэж. Түүхэнд болчимгүй хандаж болохгүй. Зохиолч болчимгүй хандана гэдэг бараг гэмт хэрэг. Манай Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” бүгд л  түүхэн роман. Мөн Д.Маамын “Газар шороо” ч түүх. Түүх, уран сайхан хоёр нийлж байж л уншигдана. “Зохиолч томоръё гэвэл түүхэн роман руу ордог” гэж үг байдаг. Харин намайг өөрийгөө томрууллаа гэж ярих вий. Монголын түүх бол мөлжөөд барахгүй бахархал учир манай уран бүтээлч, зохиолчид азтай. Гэвч түүхээ ашиглаж чадахгүй дэндүү хийсвэр гадна талаас нь ханддаг аюул байгаа. Монгол амьдрал, түүх, ахуй, нүүдэлчний соёл тэр чигээрээ алт. Энэ уурхай дээр суучхаад бид бүтээл туурвихгүй байж болохгүй.

-Түүхэн зохиол илүүтэй цаг хугацаа шаардах байх?

-Нэг роман эхлээд дуусгах хүртэл 3-5 жил зарцуулдаг. Шүлэг бол үзгээ шүүрч авлаа онгодтой бол шууд бичиж болдог. Би “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин”-ыг бичихийн тулд 1000 гаруй ном, бичиг баримт уншсан. Тэр ном маань зарагдаад дууссан. Одоо миний гар дээр байхгүй. Ахиж хэвлэе гэхээр хөрөнгө мөнгөний асуудалтай байна. Номын дэлгүүрт байвал өөрт байхгүй зарим номоо олж авмаар байна.

-Таны “Цэвдэг жаран” романы нээлт УИХ-д яригдаж буй хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай асуудалтай цаг хугацааны хувьд ойрхон туссан. Та ингэж тааруулав уу, цаанаас ингэж давхацсан уу?

-Би хэзээ ч ямар нэг үйл явдал, тэр дундаа улс төрд тааруулж бичдэггүй. 2013 онд эхлүүлсэн роман. Би ер нь хоёр бүлэг бичээд хаячихдаг юм. Ингэдэг нь бие, сэтгэл, туурвил зүй, материал бэлтгэгдээгүй холбоотой. Тэр хооронд өөр роман, зохиол оюун санаанд орж ирдэг. УИХ дээр ямар асуудал хэлэлцэж байгааг би мэдэхгүй. Ингэж таарсан бол сайн хэрэг. Ийм үед харанга дэлдэх ёстой. Мартаж болохгүй он цаг бол 1930-аад он. Манай нилээн гайгүй мэдлэгтэй, магистрын зэрэгтэй хүн “Монголд ийм том хэлмэгдүүлэлт болсон юм уу” гэж асууж байсан. “Монголчууд ингэж бие биенээ хядсан гэж үү. Худлаа байлгүй” гэсэн. Тун ойрхон байгаа жилийг ингэж мартаж байгаа юм чинь бид хэдэн мянган жилийн өмнөхийг яривал бүр хэцүү. Хэлмэгдүүлэлтийн тухай чанга дуугарахаасаа илүү зөв дуугарах хэрэгтэй. Энэ номыг санаандаа би баярлаж бичээгүй. Зарим хэсэг дээр зүрх савлаж, гар чичирч байж бичсэн.

-Та номынхоо судалгааг хийхдээ олон хүнтэй уулзаж, төдий чинээ түүхийн материал судалсан. Цөөхөн Монголчууд бие биенээ устгах гол шалтгаан юу байв?

-Монголчууд өөрсдөө төрөө барьж байсан түүх Чингис хааны үед нэг байна. Бага хаадын үед бол Батмөнх даян хааны үеэс төрийн эрхээ өөрсдөө барихаа больсон. 220 жил Манжууд манай төрийг барилаа. Монгол Улс том гүрнүүдийн тоглоомын хэсэг болж явсан. 1921 онд Ардын хувьсгал ялсан. Энэ хувьсгалыг муу хэлэх юм байхгүй. Тэр үеэс өөрснөө төрөө баръя гэсэн ч Коминтерн гэж улаан Коммунизмыг дэлхий даяар тараах аюултай үзэл бий болсон. Ядуусыг бослого тэмцэлд уриалаад хаад, феодалаа алсан он жилүүд. Коминтернцааш явахгүй болж 1929 онд татан буугдсан. Гэхдээ Коминтерны сүнс сүлд хойд хөршийн Коммунист намын үзэл суртал болж хувирсан. Тэр үзэл сурталд нь таарахгүй байсан зүйл нь манай лам нар. Тиймдээ ч лам нараа устгахыг шаардаж, манай гол удирдагчдыг хооронд нь хагаралдуулсан. Нэг хэсэг манай Гэндэн тэргүүтэй удирдагчид Оросын зөвлөх, туслах, сургагч нар дэндүү дээрэлхүү хандаж байгаа учир Японыг шууд дэмжээгүй ч дан Зөвлөлтийн хараат байх бус олон түнштэй байя гэсэн бодолтой байсан. Харин өөр нэг хэсэг нь Оросыг илт дэмжсэн. Ийм эгзэгтэй талцал байсан. Үүнээс гадна үзэл суртал гэдэг маш аймшигтай. Үзэл суртлаас болж, алаан хядаан болдог. Манайхан 30 гаруй мянган хүнээ хэлмэгдүүлсэн. Тэр дунд Ерөнхий сайд, төв хорооны гишүүд, номтой мэдлэгтэй хүмүүс байсан. Хэрвээ тэр үйл явдал болоогүй бол Монгол Улсын хүн ам өнөөдөр дор хаяж зургаан сая хүрсэн. Тэр том лам нарын үр сад гэж гайхалтай оюун ухаантай хүмүүс өдийд нийгэмд байр сууриа олчихсон бараг Нобелийн шагнал авч байгаа. Энэ түүхийн эмгэнэл мөн үү. Зарим хүн түүхийн эмзэг үеийг ярих хэрэггүй гэсэн байр суурьтай байдаг. Түүхийг үнэнээр нь үлдээх хэрэгтэй. Манай Монголын түүхийг Зөвлөлтийн академичид л зохиож, бичиж ирсэн. Одоо бол бид тэгж их үзэл суртал яриад хэрэггүй. Монгол гэх нэг л үзлээр явах хэрэгтэй.

-Одоо цаазын ялыг сэргээх эсэх талаар иргэд хоёр өөр бодолтой байна. Мөн улс төрчид өөр хоорондоо талцаж, хуваагдаж байна?

-Оюун санаа захиргаанаас гарна гэдэг хүнд. Мөн бид гэгээрээгүй ард түмэн. Улс үндэстэн ардчилалд бэлтгэгдэх ёстой. Харин бид бэлтгэгдээгүй дураараа нахалист, анархист, хэт өндөр үзэлтнүүд. Өөрийн дураар ярьдаг, доромжилж гутаадаг, дээрэмддэг. Мөн төр төр шиг биш, ард түмэн ард түмэн шиг бус байна. Нэг бодлын номхон мэт хэрнээ хамгийн харгис, үүнээс гадна харгис бодлоготнууд гарч ирж байна. “Цэвдэг жаран” роман 1930-аад оны үеийг харуулж байгаа хэрнээ одооны цаг үетэй яг цав таараад байна. Учир нь энэ романаараа улс төрчдөд сануулга өгч байгаа юм.

-Монголын уран зохиол хэзээ дэлхийн энд хүрэх вэ. Монгол хэлт зохиолч Нобелийн шагнал хүртэж, зохиол бүтээлээ дэлхийн олон хэлээр буулгах цаг хэзээ бол?

-Манай уран зохиол зөвхөн монгол хэлээр хэвлэгдэж буй тохиолдолд дэлхийд гарч ирэхгүй. Англи хэлтэй асар мундаг орчуулагчдыг бэлтгэх хэрэгтэй. Гадаад орчуулагчдын хөрвүүлсэн зохиол Монгол ахуй, амьдралыг мэдэхгүй болохоор инээд хүрмээр юм буудаг. Тиймээс англи хэлээр бүтээлээ туурвидаг зохиолчид гарч ирэх хэрэгтэй. Гадаад хэлээр гэвэл Германаар бичиж буй Чинагийн Галсан л Европт хүрсэн. Мэнд-Ооёо гаднын олон шагнал авсан, Урианхай сая Азийн тэргүүн шагналт яруу найрагч болсон. Манайд яруу найраг талдаа Нобелийн шагнал авснаас дутахгүй бүтээлүүд байгаа. Хүүрнэл зохиолын хувьд мөн сайхан бүтээлүүд бий. Орчуулга байхгүй учир довон дээрээ л байгаад байна.  Миний зохиолуудыг Францаар орчуулж эхэлсэн. Үүнд их баярлаж байна. Франц бол утга зохиолын том гүрэн. Тэнд франц сэтгэлгээтэй Мөнхзул гэж орчуулагч миний зохиол дээр ажиллаж байна. Орчуулагчийн буян маш их даанч тэднийг бэлдэхгүй тоохгүй байна. Утга зохиолын талаарх төрийн бодлого алга.

- Гадны зохиолчид манайхнаас санхүүгийн хувьд тэнгэр, газар шиг ялгаатай байх?

-Миний хамгийн дутагдалтай тал бол дуусгасан номоо борлуулалтад гаргалгүй дараагийн ном руу шилждэг. Манайд утга зохиолын маркетинг, менежмент алга. Гаднын том зохиолчид номынхоо нээлтэд орсныхоо дараа шууд онгоцоор нисээд алга болдог. Менежер номыг нь борлуулаад л данс руу нь бөөн бөөнөөр нь орлогыг нь шилжүүлчихдэг. Агентлагууд нь өмнөөс нь орчуулгын гэрээг нь шийддэг. Гэтэл бид бол өөрсдөө л номоо үүрээд, чирээд номын дэлгүүрт аваачиж өгдөг.

-Та номоо хэдэн хувь хэвлэж байна?

-Би мянгаас дээш хувь хэвлүүлдэг. Энэ бол туйлын бага тоо. Харин “Хөх жавар”-ыг 5000 хэвлэсэн. Бүгд дууссан. Японы “Өвсний үндэс” төслийн буянаар хэвлүүлсэн.

-Номын дэлгүүрүүдийн бестсэллэр номын жагсаалтыг хараад байхад утга зохиолын мастеруудын бус аар саархан сэдэвтэй номууд сайн борлуулагдах юм?

-Уншигчдын шохоорхол гэж бий л дээ. Утга зохиол хөгжихийн тулд зохиолчоос гадна уншигчид маш их гэгээрсэн байх хэрэгтэй. 1950-1970-аад оны үед Монголын утга зохиол яагаад хүчтэй байсан юм гэхээр зохиолчоосоо илүү агуу уншигч нар байсан. Унгар, Герман, Польш, ЗХУ-д бэлтгэгдсэн 60, 70 мянган сэхээтэн төгсөөд ирсэн. Тэд ном уншсанаар зохиолч, судлаач, шүүмжлэгчдийг хүмүүжүүлдэг байсан. Манайд одоо тийм уншигч маш цөөхөн байна. Дээд давхаргын уран зохиол гэж байдаг. Доод давхаргын утга зохиолч бол шохоорхолд автсан. Үүнийг хар тамхинд орохтой зүйрлэж болно. Их утга зохиолын төлөө бүтээлээ туурвидаг цөөхөн хүн бий. Гэхдээ үүнд гуньж гутаад явах хэрэг байхгүй. Үнэнч л байх хэрэгтэй. Би арилжааны зохиол бичиж чадна. Нацагдоржийн, Инжинашийн утга зохиолыг бодож л өнөөдөр өлөн зэлмэн, тарчигдуу амьдарч байна. Энэ л үедээ Монголын соёл асдаг. Арилжаагаа боддог хүмүүс олон бичээд ирэхээр сайжраад их утга зохиол руу орж ирэх байх гэж найддаг. Сэтгэлгээ болон хэл Монгол болоогүй цагт том зохиол гарахгүй. Мөн бодож, эрж хайдаг чанар байхгүй байна. Ажилсаг бус байна. Монголчуудын сэтгэлгээ довон дээрээ байна. Глобализм, соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн талын юм алга.

-Орчуулгын номын бизнес хүчээ авч байна. Соён гэгээрүүлэх гэхээсээ илүү арилжаа талаа бодоод байна уу?

-Дээр үеийн орчуулагчид бүгд соён гэгээрүүлэгч байсан. Орчуулгыг дэндүү их хайрладаг хэл найруулга, ур чадварын талаар маш их ярьж, хэлэлцдэг байлаа. Бүр “Орчуулах эрдэм” гэж таван боть гарсан. Орчуулагч нар мөн л нийгмийн оюун санаанд хөтлөгдөж, “Хүн яаж мөнгөтэй болох уу” гэсэн бестселлэрийг л оруулж ирж байна. Достоевскийг орчуулдаг Ц.Гомбосүрэн, Г.Аким, Ж.Нэргүй, Омар Хайямыг орчуулдаг М.Шадавсүрэн тэргүүтэй соён гэгээрүүлэгч бий. Омар Хайям дэлхийн нэг нойморын яруу найрагч. Гэтэл тэр найрагчийн шүлгийг номын дэлгүүрээс худалдаж авахгүй байна. Тэгэхээр утга зохиол юу л болоод байна, гэгээрэл хаачсан юм бэ. Сүүлд “Тагтаа” хэвлэлийн газар их мундаг ажиллаж байна гэж сонссон.

-Та түүхэн зохиолдоо зохиомол дүр хэчнээнийг оруулж ирдэг вэ?

-Нүцгэн баримт тэр дундаа дан ганц хүний нэр, тоо зэрэг хуурай үйл явдал явахгүй. Баримтын жин банг нарийн тохируулж, уран сайханжуулах ёстой. Баримт, уран сайхан гэж хоёр зэрэгцээ багана бий. Баримт нь арай илүү гозойгоод ирвэл хуурамч болоод ирнэ. Тэгэхээр уран сайхны дүр хийхгүй бол болохгүй. Дэлхийн утга зохиолын шинэ хандлага гэвэл ерөөсөө энэ хоёр багана нийлэгжиж байгаа. Дэлхийн ХХ зууны утга зохиолын гол үндэс баримтат уран зохиол байсан. ХХI зуунд утга зохиолын чиг нь баримт байсаар байна. Миний бусдаасаа давуу нэг тал бол баримт, баримтыг уран сайхан болгодог учрыг нь олчихсон. Ийм өвөрмөц арга барилтай.  Харин энэ арга барилыг олоогүй хүн түүхээр фантазлаад явчихдаг.

-Зохиолч, сэтгүүлч хоёр зэвсэг нэг ч үзэгний “мөр” өөр. Харин таныг энэ тал дээр хос морьтон гэж нэрлэж болно?

-Надад миний нэг морь гайхалтай тус болж байгаа. Тэр бол миний сэтгүүлч мэргэжил. Энэ мэргэжлийнхээ буянаар амьд үлдсэн том том гэрчүүдтэй уулзаж, Чойбалсангийн үеийн хүмүүсээс материал цуглуулсан. Дээр нь миний судсаар уран сайхны мэдрэмж, сэтгэлгээ урсаж байна. Энэ хоёрыг нийлүүлсний ард судалгаа, шүүмж, анализ хийсний дүнд арай өөр бүтээл туурвидаг гэж боддог. Сэтгүүлч хүн дандаа амьдрал руу ордог. Би дүрээ бичихийн тулд “Ганц худаг”-ийн хорихоор орж камер бүрээр нь явж байсан.

-Та дүртэйгээ хэрхэн ямар холбоо тогтоодог вэ?

-Зохиолч дүрдээ нэвт орох ёстой. Заримдаа найз нөхөд, бүр дайсан болдог. Би дүрээ яг кино үзэж байгаа мэт харж бичдэг. “Хөх жавар"-ын Доной бол бүр надад зүүдлэгдээд дэргэд амьдраад, заримдаа бүр “чи миний тухай сараачиж сууна уу” гээд яриа өддөг байсан. Утга зохиолын амин сүнс бол дүр, түүнийг дагасан үйл явдал. Дүр бүтээж чадахгүй бол утга зохиолыг бүтээж чадахгүй. Зохиол дээр минь 200 гаруй дүр гарч байгаа боловч бүгд хоорондоо тэс ондоо. Дүр ижилсвэл тэгээд л зохиол унана. Зохиолчийн ертөнцтэй болоогүй хүн утга зохиол руу орж болохгүй. Зохиолчийн ертөнцийг маш нарийн ойлгох ёстой. Энд философи, шашин, улс төр, нийгмийн мэдлэг, хүн судлал буюу антропологи байдаг. Ийм олон зүйл цогцолж байж зохиолчийн ажлыг хийнэ. Томоохон зохиол бичихийн тулд хүний амьдралд 30-40 жилийг туулсан байх ёстой.

-Сүүлийн жилүүдэд утга зохиолын салбараас төрийн шагнал цөөхөн хүн хүртсэн. Ардын уран зохиолч цол олголгүй удлаа?

-Төр түмэн нүдтэй гэдэг. Одоо ямар нүдтэй байгааг мэдэхгүй. Миний бүтээлүүдийг таван удаа тодорхойлсон. Хариу ч байхгүй огт чимээгүй болдог. Ядаж хариу өгөх хэрэгтэй. Би шагнал бодож бичдэг хүн биш. Гэхдээ утга зохиолыг үнэлэх хэрэгтэй. Энэ тэр тийм талын хүн гэхгүйгээр хар хоргүй хандах хэрэгтэй.  

-Зохиолчид их цайлган улс юм. Номын тань нээлтэд очиход ихэнх номоо бэлэглэж байгаа харагдсан?

-Манайхан бол санаа амар улс л даа. Талх хийдэг хүн талхаа үнэгүй өгдөггүй. Гэхдээ бид нар чинь “Алив гарын үсэгтэй номоо” гэхээр нь л бэлэглээд явуулчихдаг. Уг нь бол ном чинь их олон жилийн хөдөлмөр. Тэгээд зарагдаж буй үнэ нь дундаж рестораны гуляшны л мөнгө.  Сая хамт байхад нэг уншигч ярьсан даа. Номын нээлт болсныг сонсоод бүх номын дэлгүүрээр хайгаад олж чадаагүй. Тэгсэн мань хүн бүр илүү зүтгэл гаргаж зохиолчийн утсыг аваад, өөр рүү нь залгаад зорьж ирж номыг нь авах гэж байна. Ийм уншигчидтай болсон хойно Монголын утга зохиол хөгжинө. Зохиолч гэдэг бол тамын ажил. Хүн болгон дурлаад байх зүйл биш. Цаанаас заяагдсан болохоор хийж байгаа болохоос заавал хий гэж тушааж буй хүн ч байхгүй.

-Дүрслэх урлаг болон хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авдаг. Үүнтэй адил утга зохиолын бүтээлийг улсын санд авдаг уу?

-Худалдаж авдаггүй юм гэхэд төрөөс энэ салбарт мөнгө гаргах хэрэгтэй. Хойд хөршийн ерөнхийлөгч В.И.Путин “Оросын утга зохиол бол манай орны бахархал” гэж хэлсэн. Хятадад мөн утга зохиол, кино урлагийн салбартаа мөнгийг асгаж байна.

-Социализмын үед сайн зохиол гардаг байсан нь төр засгаас дэмждэг байсантай холбоотой байх?

-Тэр үед шүлэг бичихэд нэг мөр нь 1-6 төгрөг. Шүлэглэсэн роман гаргасан хүн бол тэгээд л.... Тухайн үеийн 6000 төгрөгтэй боллоо гэхэд одооны 60 сая төгрөг. Хэвлэлт, борлуулалтыг нь улс хариуцна.

“Ер нь мундаг жаргалтай зохиолч гэж байдаггүй юм даа. Уран бүтээлийн зовлон гэж байх ёстой. Зовлон гэдгийг эдэлж байж, жаргалын үүдийг нээнэ. Харин Монголын төр уран зохиолоо эргэж хараач. Уран зохиол, урлаггүйгээр улс оронд ямар ч хөгжил байхгүй. Баримал шавраар олон зүйлийг урлаж болдог. Үүнтэй адил Монгол хүний тархиар юуг ч бүтээж болно” хэмээн хэлсэн зохиолчийн үгээр энэхүү ярилцлагаа өндөрлөе.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

До.Цэнджав: Зовлон гэдгийг эдэлж байж, жаргалын үүдийг нээнэ  
Үзсэн: 2734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-28 17:57
Хэт мэдэмхийрэх нь хэнд хэрэгтэй юм болдоо
Зочин [127.0.0.xxx] 2019-07-26 10:48
Аа тийм үү,өөх

Бидэнтэй нэгдээрэй