Шууд Chart

Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлт боллоо

2019-07-24 09:34:05

“Буйр нуур” дэд хөтөлбөрийн хүрээнд усан хил хамгаалалтад шинэ техник технологийг нэвтрүүлж, боловсронгуй болгох ажлыг 2018 оноос эхлүүлсэн.

Уг ажлын хүрээнд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан Хилийн 0306 дугаар ангийн хилийн 0219 дүгээр салбарын байрыг шинэчлэн засварлаж, ХХЕГ-ын төсвөөр хилийн 0219, 0321 дүгээр салбаруудыг моторт завь, усны мотоцикл, цасны чарга, квадратоцикль, хөнгөн хөлөг чирэгч, зэвсэг, тусгай хэрэгсэл, холбооны иж бүрэн техник хэрэгслүүдээр хангаж, хөдөлгөөнт хилийн харуулын ЗИЛ-131 автомашиныг бүрэн тоноглож, цасны нохой чаргыг улсын хил хамгаалалтад амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. Мөн гэрэлт цамхаг, хөвөгч усан зогсоол, инженерийн байгууламжийг нуурын эрэгт шинээр байрлуулж, завь, хөнгөн хөлгийн бэлэн байдлыг хангаснаар хил хамгаалалтын үр дүн дээшилсээр байгаа юм.

Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Хилийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Э.Болдбаатар, Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Эрдэнэчулуун, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Матад сумын засаг дарга Э.Төмөрбаатар болон ахмад хилчид, ХХТХГ, орон нутгийн ард иргэд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр хилийн заставын тусгай томилгоот бүлгийн бүрэлдэхүүн гардан тулааны үзүүлэх тоглолт, усан сэлэлтийн төрлүүд, хөнгөн хөлөг эвдэрсэн, саатсан үед үзүүлэх аврах ажиллагаа, усны мандал дээрх хөнгөн хөлөгтэй парад зэргийг ирсэн зочид төлөөлөгчдөд үзүүлж сонирхуулав. Мөн энэ үеэр “Буйр нуур” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулсан байна.

Эх сурвалж: ХХЕГ


Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлт боллоо  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй