
Тус хуралд "Аравт" уралдааны зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, тус хорооны орлогч дарга, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов болон Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев нар оролцлоо.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн олон улсын цэргийн наадамд 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид, 10 орны нутаг дэвсгэрт 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангасан.
Дэлхийн улс бүхэн өөрийн орны аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах цэрэг армитай бөгөөд цэргийн алба хаагчдынхаа сургалт бэлтгэлийг өндөр түвшинд хангаж ямагт бэлэн байлгахыг эрмэлзэн, бэлтгэл сургуулилтыг нарийн төлөвлөгөөтэй тасралтгүй зохион байгуулдаг. Энэ зорилгын дагуу цэргийн хүний хатуу бэрх, олон талт бэлтгэл сургуулилалтын нэгээхэн хэсгийн үр дүнг бодитоор шалгаж, дүгнэх боломжийг олон улсын цэргийн наадам олгодог. Олон улсын цэргийн наадмыг анх 2015 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Түүнчлэн олон улсын цэргийн наадмын нэр хүнд ач холбогдол, оролцогч орнуудын тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр байна.
Цэргийн алба хаагч дайн тулааны талбарт бус, тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч үзэл санаан доор олон орныг эгнээндээ нэгтгэсэн тав дахь удаагийн олон улсын “Цэргийн наадам”-д Монгол Улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, дэлхийн улс орнуудтай батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаагаа бүс нутгийн цэргийн нөхөрлөлөө улам бүр бэхжүүлж ирсэн.
Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” зэрэг төрлөөр оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, "Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна.
Хэвлэлийн хурлын үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэлэхдээ “Анх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Олон улсын цэргийн наадмын тоглолтын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудыг нэмэгдүүлэх хүрээнд морин цэргийн уралдааныг зохион байгуулах саналыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавьснаар өнгөрсөн жил анх удаагаа өөрийн эх орондоо туршилтын уралдааныг зохион байгуулж байсан бол өнөөдөр олон улсын уралдааны бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Дэлхийд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Аравт олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд нийт найман орон оролцож байгаагаас Бүгд найрамдах Киргиз улс, Бүгд найрамдах Казахстан улс, Монгол Улс, Оросын холбооны улс оролцогч, АНУ, БНХАУ, Зимбабве, Вьетнам улс ажиглагчаар оролцож байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд, хурандаа генерал А.В.Фоминоор ахлуулсан хүндэт төлөөлөгчид тэмцээн уралдааныг үзэж сонирхохоор ирээд байна” гэлээ.
Ташрамд дуулгахад, “Аравт” уралдаан нь бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдана. Алсын зайн морин маршийн үед Төв аймгийн хэд хэдэн сумыг дамжин уул хад, гол ус, элс хайргатай байгалийн хүндрүүлсэн нөхцөлд усан саад гатлах, морин дээрээс гранат шидэх гэх мэтчилэн тусгайлан төхөөрөмжилсөн цэгт өгөгдсөн даалгаварыг гүйцэтгэж, 130 км зайг туулна.



Ж.Бадамбазар: ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд А.В.Фомин тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирсэн | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.