
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардийн 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийнхан өнөөдөр Хүй долоон худагийн тэнгэрт уран нислэгийн үзүүлбэр үзүүллээ. Үүнээс гадна “Алдар” спорт хорооноос Хүй долоон худагт 64 бөхийн барилдаан, сур болон шагайн харвааны бэсрэг наадам зохион байгуулсан юм.
Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн “Русские Витязи” буюу “Оросын баатрууд” баг нь 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад зургаан ширхэг “Су-27” онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. Тус баг 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоуд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд хоёр удаа очиж байсан аж.
Дэлхийн олон улс оронд очиж, үзүүлбэр үзүүлдэг тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин “Су-27” сөнөөгч онгоцуудаа “Су-30СМ” сөнөөгч онгоцоор сольсон байна. "Русские Витязи" аэробатик баг нь дэлхийн хэд хэдэн дээд рекордыг эзэмшдэг бөгөөд үзүүлбэр нь аэрошоунаас хэтийдсэн мэргэжлийн түвшинд байдаг. Экипажийг Москва орчмын Кубинка агаарын цэргийн баазад бэлтгэдэг юм байна. Харин тус баазын уран нислэгийн үзүүлбэрийн сургалт дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог.
Ташрамд дуулгахад, “Русские Витязи” багийнхан өчигдөр Буянт-Ухаа орчимд дадлагын нислэг үйлдсэн. Мөн дадлагын нислэг гүйцэтгэсний дараа ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардийн 234 дугаар нисэх хорооны “Русские Витязи” багийн 57 гишүүнд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулсан билээ.















Хүй долоон худагийн тэнгэрт “бүжих” “Су-30СМ” | ||
Үзсэн: 2287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.