Шууд Chart

"Хүрэл донор" Тулгаа

2019-09-25 11:26:59

Хаа нэгтээ явж байхад телевизийнхнийхээ тухай сайн сайхныг сонсоход чихэнд даанч чимэгтэй. Бидний сайн, муу, сайхан муухай, ёс зүй, ааш араншинг үнэлж дүгнэхдээ ажилтай минь, телевизтэй минь холбон ярьдаг, ойлгодог.

Саяхан "Цусны төв" дээр явж байсан чинь тэднийхэн ярьж байна. "Танай телевизэд Чойжмаагийн Гантулга гэж манай "Хүрэл" донор бий. Тэрбээр одоогоор 7О удаа, 30 литр цусаа үнэгүй өгчихөөд байна. Элэг, чөмөг шилжүүлэн суулгах, төрөлтийн хүндрэлээс цус алдсан олон хүний алтан амийг аврахад танай Гантулгыг дууддаг. Аминд тулсан олон тохиолдолд биднийг Гантулга аварсан. Маш найдвартай залуу даа“ гэж ярилаа.

Гучин литр халуун цусаа хандивлаж, өчнөөн хүний амь аварсан Гантулгын өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэл та, бидэнд байгаа гэж үү... Тэрбээр нэг удаад 450 грамм цус өгнө. Ийм хэмжээний цусаар гурван хүний амь авардаг гэдэг.

Нүдээрээ инээмсэглэсэн, хүнд тусархуу бор хүү Гантулгыг манайхан “Тайзны“ Тулгаа л гэдэг байлаа. Нөгөө дуунд гардаг шиг

“Өндөр настанд тусалдаг

Өргөсөн юмыг нь дамжилдаг“ Тулгаа маань өргөн түмний энэрэнгүй үйлсийн төлөө манлайд нь явж байна. 

Тулгаагийн нас нь бага ч Тайз заслын албанд аль хэдийнээ 13 жил ажиллаж, олон том бүтээлийн тайз заслын ажлыг хийлцжээ. "Тусгай салаа", "Хэцүү анги", "Арвай буудай", "Сэтгэлийн гэрэл", "Хавар", "Улсын хил Монгол" зэрэг телевизийн олон ангит кинонуудад, дээр нь жил бүрийн "Баярын мишээл", Улсын баяр наадам, Цагаан сарын нэвтрүүлгүүдийн нүсэр тайзыг Гантулга болон түүний нөхөд л засна.

Хамгаас эрт ирж, хамгаас орой харьдаг ажилсаг залуус Тайз засал чимэглэлийн албанд ажилладаг. ”Би чинь азтай хүн. УГЗ Гоош, Вандандорж агсан, СТА Цэнд-Аюуш, Чулуунбаатар болон одоо ажиллаж байгаа бүх зураач нарын дор ажиллаж их юм сурсан“ гэж тэр ярина.

Саяхан даа, хэдхэн сарын өмнө Гантулга маань гэрэлтүүлэгч болж тушаал дэвшсэн байна лээ. "Зөв явбал зөөлөн замбуулин" гэдэг энэ дээ. Гантулга маань 30 литр халуун цусаа эмнэлгийн орон дээр, эцсийн дусал цусаа шавхсан хүнд өгч тэнхрүүлэн, алтан амийг нь аварсан МУЗН-ийн "Хүндэт" болон "Хүрэл донор" эрхэм хүн юм билээ.

Эрдэнэт хүний амь аварч байгаа гэж бодохоор цусаа өгсөөр л байх болно гэж Тулгаа ярьж байсан. Жинхэнэ "Цусан гавьяа"-ны баатар гэдэг энэ биз ээ. 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

"Хүрэл донор" Тулгаа   
Үзсэн: 1966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Өө бүү хай [127.0.0.xxx] 2019-09-25 19:36
Ахиж л байна шдээ Тайзны туслах ажилтан байснаа одоо гэрэлтүүлэгч болно гэдэг
Зочин [127.0.0.xxx] 2019-09-25 12:47
Гэрэлтүүлэгч болчихоор тушаал дэвшлээ юу энэ утгагүй бичвэрээ засаа
Зочин [127.0.0.xxx] 2019-09-26 20:20
Budda

Бидэнтэй нэгдээрэй