
"Марко Поло-Орчлонгийн элдэв сонин" дорнын мюзиклийн талаар Үндэсний урлагийн их театраас мэдээлэл хийв.
Энэ үеэр Монголд анх удаа тайзны дэвшилтэт технологийг ашигласан гэдгийг уран бүтээлчид онцолж байв. Мөн тайз, уран бүтээлчдийн хувцас чимэглэлийг танилцуулсан юм.
Жүжгийн ерөнхий найруулагч Г.Ган-Очир “Миний бие энэ уран бүтээлд ерөнхий найруулагчаар ажилласандаа баяртай байна. Монгол Улс ямар хүчирхэг байсныг “дорнын” гэх тодотголтой “Марко Поло” мюзиклээр харуулахыг зорьсон. Тоглолтын тайзны хувьд гурваас дөрвөн үйлдэлтэй, бүтэн эргэдэг гэдгээрээ онцлог. Энэ мюзиклд Үндэсний их урлагийн театрын залуу уран бүтээлчид тоглосон” гэв.
“Үндэсний их урлагийн театр шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, цаг үетэйгээ нийлүүлж ажиллахыг хүсдэг. Миний бие “Хувьсал” продакшныг байгуулж, залуу үеийнхэн рүүгээ хандсан олон сайхан уран бүтээл хийж байсан. Энэ удаа Г.Ган-Очиртойгоо хамтран бүжгийн хэлбэрээр мюзикл хийлээ. Энэ удаагийн бүтээл маань 200 орчим сая төгрөгөөр бүтсэн. Бидний театр зориулалтын театр биш ч уран бүтээлчид тэр хэмжээнд дөхүүлж харуулахыг хичээж байна. Засгийн газраас Үндэсний урлагийн их театрыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байгуулахаар батлагдаад байгаа. Энэ мюзиклээр эх орноо дэлхийд таниулахын тулд цоо шинэ уран бүтээлээрээ зорьж ажилласан” талаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл хэлж байв.
Алдарт аялагч Марко Пологийн "Орчлонгийн элдэв сонин" номноос сэдэвлэсэн найруулагч Г.Ган-Очирын бүтээл “Марко Поло” дорнын мюзикл Үндэсний урлагийн их театр тайзнаа маргааш буюу энэ сарын 4-нд нээлтээ хийнэ.
Уг мюзиклын үйл явдал аагим их цөлийн дундуур хөврөх алдарт өрнө дорныг холбосон торгоны замаас эхлэх бөгөөд Монголд цоо шинэ үзэгдэл, орчин цагийн уран бүтээлийн тэсрэлт болох нь дамжиггүй.
Дашрамд дурдахад, Марко Поло 1272-1289 оны хооронд 17 жил Монголын төрд алба хаахдаа хааны бие төлөөлөгчөөр олон улс оронд очиж байсан нь хожим гайхамшигтай тэмдэглэл бичүүлэх үндэс болсон юм.
Полог нутаг буцахад Хубилай хаан түүнтэй хамт Ил хаанд Хөхчин гүнжээ илгээж байжээ.
"Марко Поло-Орчлонгийн элдэв сонин" дорнын мюзикл маргааш нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.