Шууд Chart

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлнэ

2014-03-10 09:40:14

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдэх орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ буюу бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэхийг дэмжин Засгийн газрын баталгаа гаргахаар тогтлоо.

Ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгоно. Ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцаж, төслийн техникийн шийдэл, программ хангамжийн найдвартай ажиллагаанд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хяналт тавина. Харин гүйцэтгэлийг "Слайд" ХХК гардан хэрэгжүүлэх юм.
 
Улаанбаатар хотод 24 компанийн 1000 орчим том оврын, 700 гаруй жижиг оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Эдгээрээр үйлчлүүлэх ахмад настан, оюутан, цагдаагийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог. Жилээс жилд нэмэгдэж буй уг нөхөн олговрыг дээрх дөрвөн бүлгийн бүх иргэн өдөр бүр нийтийн тээврээр зорчино гэсэн тооцооллоор өгдөг ч тэдний 35 хувь нь өдөр бүр зорчдоггүй нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймд нийтийн тээврээр зорчиж буй дээрх иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нөхөн олговрын хэмжээг бодит дүнгээр олговол улсын төсөв дэх нийгмийн халамжийн зардалд хэмнэлт гарна.
 
Цахим төлбөрийн системийн тусламжтайгаар зорчигчдын тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан чиглэл, цагийн хуваарийн дагуу явж байгааг хянах боломжтой. Автобусны байршил, цагийн хуваарийг иргэдэд гар утас болон буудлын электрон самбараар дамжуулан хүргэж бэлэн бусаар төлбөр төлөх зэрэг хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн үйлчилгээ бий болно. 

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлнэ  
Үзсэн: 2639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2014-04-18 14:46
Юу нь жижиг компани байхав дээ, зөндөө л ажил хийсэн сайн компани биз дээ
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-03-11 09:41
Tagnuul tsagdaagiinhan teneg bish dee . Harj l bgaa bh daa. Tender ch zarlalgui henii ch medehgui companid 13 terbumaar ni uguud l.
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2014-03-10 10:20
Энэ одоо Тендер энэ тэр зарлалгүй ингээд жижиг компаниудад ажил шууд өгчихдөг болсон юм уу.

Бидэнтэй нэгдээрэй