Шууд Chart

Дүрвэгчдийг Европ руу илгээнэ гэж Туркийн эрх баригчид анхааруулав

2019-10-12 11:05:14

БНТУ: Зөвхөн Курдуудтэй тэмцээгүй, алан хядагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж байна

 Дүрвэгчдийг Европ руу илгээнэ гэж Туркийн эрх баригчид анхааруулав

Бүгд Найрамдах Турк улсын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган зүүн хойд нутагт нь хяналтаа тогтоосон Курдуудээс Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилготой гэж  Сирид явуулж байгаа цэргийн ажиллагаагаа хамгаалсан байр суурь илэрхийлж байна. Учир нь олон улсын зүгээс Туркийн Сирийн зүүн хойд бүс нутагт явуулж байгаа цэргийн ажиллагааг нэг улс нөгөө улсдаа халдсан хууль бус ажиллагаа гэж үзээд, цэргийн ажиллагаагаа зогсоохыг Анкарагаас шаардаж байна.

Туркийн ерөнхийлөгч хэрвээ Европын орнууд Сири дэх цэргийн ажиллагааг нь халдан довтолсон ажиллагаа гэж үзэж байвал Турк дэх Сирийн 3,6сая дүрвэгчийг Европ руу гаргана гэдгээ анхааруулж байна. Тэрээр энэ ажиллагаа нь Сирийн олон сая дүрвэгчдийг нутаг буцахад нь аюулгүй бүс байгуулах, хилд тэмцэл хийгээд байгаа Курдын зэвсэгт босогчдыг хилээс холдуулахад чиглэсэн гэж тайлбарлаж байна. Турк улс АНУ Сирийн хойд бүсээс цэргээ гаргаж байгаагаа зарласны дараа тус бүсэд цэрэг зэвсгээ оруулсан. энэ 7хоногийн лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Трамп шийдвэрээ танилцуулсны дараа Турк улс Сирийн зүүн хойд бүс нутагт Курдуудын эсрэг Энхийн Хавар нэртэй цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Америк цэргээ гаргаснаар тус бүсэд Сирийн ардчилсан хүчин Америкийн дэмжлэггүйгээр Исламын улс бүлэглэлийн эсрэг дангаараа тэмцэх нөхцөл байдал үүссэн. Туркийн зэвсэгт хүчин, Сирийн ардчилсан хүчний хооронд Сирийн хилийн хотуудад одоо зэвсэгт тэмцэл ид өрнөж байна гэж Аль Жазираа мэдээлж байна. Курдын Ард иргэдийг хамгаалах хүчний тэргүүлдэг Сирийн ардчилсан хүчин Туркийн агаарын цохилтоос өөрийг нь хамгаалахын тулд нислэггүй бүс бий болгохыг Америк болон түүний холбоотнуудад уриалж байна. Турк улс Курдын Ард иргэдийг хамгаалах хүчнийг алан хядагч бүлэглэл гэж үздэг юм. Мөн энэ үеэр Туркийн дэд ерөнхийлөгч Турк улс дан ганц Курдуудтэй тэмцээгүй, Курдын Ард түмнийг хамгаалах хүчин, Курдын хөдөлмөрчдийн намын алан хядагчидтай тэмцэж байна, олон улс алан хядагч байгууллага болон Курд үндэстэн хоёрын ялгааг ойлгохгүй байна,Турк улс аль ч хилийн бүсдээ албан хядагчдын коридор бий болохыг хүлээн зөвшөөрөхгүй, алан хядагчдыг тэндээс цэвэрлэх хүртэл Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж мэдэгдсэн. Түүнчлэн БНТУ-ын гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу “Манай улсын цэрэг Сирийн хойд хил рүү 30км-ийн гүнд нэвтрэх зорилготой цохилт өгч байна, энэ ажиллагаа  бүх алан хядагчдыг цэвэрлэх хүртэл үргэлжлэх болно. Турк улс  өмнөд хилийнхээ дагуу терроризмын коридор бий болохоос урьдчилан сэргийлэх, тус бүсэд  аюулгүйн бүс тогтоохыг зорьж байна. Хэрвээ Европын орнууд бидэнтэй хамтарч ажиллах сонирхолгүй байгаа бол бид дүрвэгсдийг Европ руу гарахад хилээ нээхэд бэлэн байна.”гэдгээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл Турк Сирийн хойд хилийн гүн рүү нэвтрэхгүй, дөнгөж 30кмрт л цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдлээ. Мөн Туркийн гадаад хэргийн сайд Турк улс бол Сирийн иргэний дайныг зогсоох олон улсын эвслийн нэг бүрэлдэхүүний хувьд агаарын орон зайг ашиглах эрхтэй, энэ агаарын орон зай бол Америкт хамааралгүй гэж мэдэгдэж байна. Энэ цэргийн ажиллагааны явц ер нь ямар байна, хор хохирол нь яаж гарч байна, ер нь ямар нөхцөл байдал үүссэн газарт агаараас цохилт өгөөд байна вэ гэх мэтчилэн олон зүйлийг дэлхий нийт анхаарч ажиглаж байна. Туркийн армийнхан Эф16 сөнөөгч онгоцоор хамгаалуулан Сирийн зүүн хойд нутагт Курдуудийн байгууламжууд руу өгч байгаа агаарын цохилтод 174 алан хядагч алагдсан, тэдний 17нь аюултай этгээдүүд байсан гэж тус улсын батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Өнөөдөр үдээс хойшийн байдлаар Турк 342гаруй алан хядагчийг устгасан гэж мэдээлж байна. Туркийн цэргийн ажиллагаа явуулж байгаа Сирийн зүүн хойд бүс нутагт хорих газар, кампуудад Исламын улс бүлэглэлийн болон бусад алан хядагчид, тэднээс сургалт авсан гээд олон мянган хүн хоригдож байгаа, агаарын ажиллагааны үеэр тэд алдагдах вий, тэгвэл аюулгүй байдлын орчин улам бүр хэцүү болно гэдгийг олон улс анхааруулж байна. Курдуудын мэдээлснээр Туркийн цэргийнхэн Исламын улс бүлэглэлийн гишүүд хоригдож байгаа шоронг онилж цохилт өгсөн, тэднийг суллах зорилготой ажиллагаа явуулж байна гэж Туркийг буруутгаж мэдэгджээ.  Туркийн цэргийн ажиллагаатай холбоотойгоор Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт лийрийн америк доллартой харьцах ханш суларсан байна, учир нь хөрөнгө оруулагчид АНУ Анкарад эдийн засгийн хориг тавьж магадгүй гэж болгоомжилж байна. Америкийн ерөнхийлөгч хэрвээ Туркийн цэргийн ажиллагаа Сирийн хойд нутгаас Курдуудыг гаргавал Туркийн эдийн засагт хориг тавина гэдгээ анхааруулсан юм. Туркийн улс төрчид болон зарим иргэд нь Сирид цэргийн ажиллагаа явуулж байгааг дэмжиж байгаа юм байна.

НҮБ, Европын холбоо болон бусад улс орнууд цэргийн ажиллагаагаа зогсоохыг БНТУ-аас шаардаж байна

Сири улс Курдуудтэй хэлэлцээ хийхээс татгалзлаа

Энэ үеэр НҮБ-ын аюулгүйн зөвлөл Сири дэх Туркийн цэргийн ажиллагаатай холбогдуулж өчигдөр хаалттай хуралдаан хийсэн байна. НҮБ, ЕВропын холбоо, НАТО зэрэг байгууллагууд, улс орнууд Туркийн энэ цэргийн ажиллагааг эсэргүүцсэн байр суурьтай байна. Яагаад эсэргүүцэж байгаагын гол шалтгаан нь Турк дангаараа тоглолт хийснээр Сирийн иргэний дайныг зогсоох улс төрийн шийдвэр гаргахад маш төвөгтэй боллоо, мөн Исламын улс бүлэглэлийн эсрэг Сирийн хүчийг сулруулах аюултай гэж олон улс болгоомжилж байна. Сири улс өөрөө энэ цэргийн ажиллагааг эсэргүүцэж байна.

Сири улс Курдууд Америкийн дэмжлэгийг авч, улс орныхоо эсрэг ажилласан, тэдний салан тусгаарлах оролдлого өөр улс орон улс орных нь тусгаар байдлыг зөрчин, цэрэглэн орж ирэх боломжийг олгосон гэж Курдуудыг буруутгаж байна, иймд тэдэнтэй ямар ч байдлаар хэлэлцээ хийхгүй гэж Сирийн гадаад харилцааны дэд сайд мэдэгджээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хаалттай хуралдааны дараа аюулгүйн зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небензя “Энэ зөрчилд оролцогч бүх тал цэргийн ажиллагааны үеэр асуудалд тэвчээр заах ёстой. Бид Турк, Сири хоёрыг 1998оны гэрээнийхээ дагуу яриа хэлэлцээ явуулахыг уриалж байна. Курдууд Сирийн засгийн газартай шууд хэлэлцээнд орохыг бид дэмжиж байгаа, Гэхдээ Сирид Америкийн тэргүүлсэн олон улсын эвслийн явуулсан хүн ам зүйн байдалд буруу бодлого барьсны үр дүн нь энэ, гэж Америкийг шүүмжлэнгүй байр суурь илэрхийллээ.  АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Келли Крафт “АНУ Туркийн энэ ажиллагааг ямар ч байдлаар хүлээн зөвшөөрөхгүй, Ерөнхийлөгч Трамп Курд үндэстний хүн ам, шашны цөөнх иргэдийг хамгаалахад Турк улс бүрэн хариуцлага үүрдэг гэдгийг, мөн тэнд хүмүүнлэгийн хямрал нүүрлүүлэхгүй байхыг тус улсын эрх баригчдад илэрхийлсэн. Мөн одоо Турк улс Сирид хоригдож байгаа Исламын улс бүлэглэлийн бүх дайчдыг оргон зайлахгүй байх хариуцлага хүлээж байна. Хэрвээ Исламын улс бүлэглэлийн хоригдлууд эрх чөлөөтэй болвол үр дүн нь ямар байхыг хүн бүр мэдэж байгаа. ”гэж Туркийг шүүмжлэнгүй байр суурь илэрхийллээ.  

НҮБ-ын ЕНБД Сирид цэрэг дайны ажиллагааг зогсоохыг уриалж байна. Мөн НАТО-гийн ЕНБД Йенс Столтенберг Туркийг бүс нутагт явуулж байгаа цэргийн ажиллагаа нь маш сайн зохион байгуулалттай, хариуцлагатай байдлаар явна гэдгийг нотлохыг Туркээс шаардаж, тэвчээртэй байхыг уриалсан байна. Ер нь Европын улс орнууд Туркийн шийдвэр Сирийн иргэний дайныг зогсоох олон улсын улс төрийн шийдлийг олоход улам төвөгтэй болголоо гэж үзэж байна. Европын орнуудаас Норвеги цэргийн ажиллагаатай холбогдуулж Турк улсад шинээр зэвсэг гаргахгүй байхаар болж байна. Өөрөөр хэлбэл Турк руу зэвсэг шинээр экспортлохгүй, өмнө нь нийлүүлэхээр тохирсон зэвсгийн гэрээний заримыг нь эргэн харна гэж мэдэгдэж байна.БНФУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛЬ МАКРОН “Нэг улс дангаараа ингэж цэргийн ажиллагаа явуулах нь Исламын улс бүлэглэлийг эргэн хүчээ авахад түлхэц өгөх эрсдэлтэй, олон сая хүнийг хямралд татан оруулах нөхцөлийг бий болгож байна.Иймд бид цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Турк улсаас шаардаж байна. Турк улс Исламын улс бүлэглэлийн эсрэг Олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтыг умартаж байна. гэж мэдэгджээ. Мөн Итали зэрэг орнууд Туркийн дипломат төлөөлөгчдийг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.Мөн Олон улсын тусламжийн агентлагууд Сирийн хойд нутагт хүмүүнлэгийн байдлыг улам хүндрүүлэхээс сэргийлэх шийдвэртэй арга хэмжээ авахыг уриалж байна.Тэдний мэдээлснээр Сири Туркийн хилд 450мянган хүн амьдардаг юм байна. Хэрвээ тэднийг агаарын цохилт, бөмбөгдөлтөөс хамгаалахгүй бол энгийн иргэд олноороо хохирох вий гэж олон улс болгоомжилж байна.  Туркийн засгийн газар цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Сирийн талд энгийн иргэн амь үрэгдээгүй, харин Туркийн талаас 6н иргэн амиа алдсан, үүнд харамсаж байна, цаашид цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэдийн амь насыг хохироохгүй байх талд анхаарч байгаа гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Дүрвэгчдийг Европ руу илгээнэ гэж Туркийн эрх баригчид анхааруулав  
Үзсэн: 1933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй