Шууд Chart

Эрчим хүчний шимэгчээс сэргийлснээр Дарханы станцын нийлүүлдэгтэй ижил хэмжээний цахилгаан хэмнэнэ

2019-11-18 12:32:58

“Эрчим хүчний үнэ цэнэ”-ийг иргэд, байгууллагуудад түгээсэн “Монголын мэдээ” сувгийн шилдгүүдийг тодрууллаа

Монгол орны “гал голомт” болсон эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, үр өгөөж, тулгамдсан асуудлын талаар үнэн бодит мэдээ, мэдээллийг бэлтгэн, олон нийтэд түгээж, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг, сурталчлан ажиллах зорилгоор МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгуулсан “Эрчим хүчний үнэ цэнэ” уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Тус уралдаанд “Монголын мэдээ” сувгийн сурвалжлагч Л.Алтанхишиг, “Иргэн, аж ахуйн нэгжийн эрчим хүчний хэмнэлт-Шимэгч хорхой” сурвалжилгаараа тэргүүлсэн бол дэд байрт ахлах редактор Ц.Санчирмаагийн “Өрхийн хэрэглээний эрчим хүчний хэрэглээний үнэ”, редактор Б.Чимэдлхамын “Эрчим хүчний бодит үнэ, үйлдвэрлэх зардал” сэтгүүл зүйн бүтээл дэд байр, тоймч О.Эрдэнэбүрэний “Ховд аймгийн иргэн н.Баяндэлгэрийн эрчим хүчний зөв хэрэглээ”, редактор Б.Батбаярын “Орон сууцны дулаан алдагдал” сурвалжилга гуравдугаар байрын шагнал хүртлээ.

Мөн Гадаад мэдээний албаны бэлтгэсэн “Дэлхийн эрчим хүчний хэрэглээ” болон сурвалжлагч Т.Саранчимэгийн “Эрчим хүчээ хэмнэж 10 мянган төгрөг хэмнэх боломж байна” мэдээ, мэдээлэл тусгай байрт шалгарав.

“Эрчим хүчний үнэ цэнэ” уралдааны зохион байгуулагч болон тэргүүн, дэд байр хүртсэн редактор, сурвалжлагч нарын сэтгэгдлийг сонслоо.

Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Б.Цоожчулуунцэцэг: “Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувагтай хамтран “Эрчим хүчний үнэ цэнэ” уралдааныг 45 хоногийн хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Энэ хугацаанд сэтгүүлч, зураглаач, редактор зэрэг телевизийн 30 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хороо энэ уралдаанаар хэрэглэгчдэд эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулах зорилго баримталсан.

Өнөөгийн байдлаар Монголд эрчим хүчний салбарт маш олон хүндрэл тулгарч байгаа. Тухайлбал, эдийн засаг, санхүү, техник технологийн асуудал байгааг “Монголын мэдээ” сувгийн сурвалжлагч, уран бүтээлчид олон нийтэд маш сайн мэдээлж чадлаа”.

 “Монголын мэдээ” сувгийн сурвалжлагч  Л.Алтанхишиг: “Эрчим хүчний шимэгч сэдэвт сурвалжилга бэлтгэж, “Эрчим хүчний үнэ цэнэ”  уралдаанд оролцлоо. Дэлхийн улс орнуудад эрчим хүчний “паразит” буюу шимэгч хорхойгоос сэргийлж чадсанаар асар их эрчим хүчийг хэмнэж чаддаг. Үүнд хэрэглэгчдийн удирдлагаар унтраасан ч цахилгаанд залгаатай байдаг хэрэгсэл буюу зурагт, интернэт дамжуулах төхөөрөмж, компьютер зэрэг багтаж байгаа.

Эрчим хүчний зохицуулах хорооноос маш их мэдээлэл багтаасан гарын авлагыг цахилгаан хэрэглэгчдэд тараадаг юм билээ. Харин бид үүнийг төдийлөн анзаардаггүй. Тиймээс дээрх гарын авлага дахь мэдээллийг дүрсжүүлж, иргэдэд илүү ойлгомжтой хүргэхийг зорьсон. Айл иргэд  эрчим хүчний шимэгчээс сэргийлснээр цахилгааны төлбөрийнхөө 20-30 хүртэлх хувийг хэмнэж чадна. Гэтэл айл өрх болон аж ахуй нэгж дээрх хэмжээний мөнгийг сул зардаг гэсэн үг.

Миний бэлтгэсэн сурвалжилгад нэгдүгээрт, айл өрхөөр жишээ авсан л даа. Өрхийн гишүүнээс гэрээсээ гарахдаа бүх цахилгаан хэрэгслээ салгасан эсэхийг асуухад “тийм” гэж хариулсан. Гэвч хамт гэрт нь ороход цөөнгүй цахилгаан хэрэгсэл буюу эрчим хүчний шимэгч ажиллаж байсан. Дараагаар нь “Хангарьд” ордноос сурвалжилгаа үргэлжлүүлсэн. Тэнд ажиллаж буй төрийн алба хаагчид цайны цагаараа компьютерээ бүрэн унтраасан тохиолдолд нийтдээ маш их хэмжээний эрчим хүчийг хэмнэх боломжтойг тоо баримттайгаар мэдээлсэн. Шалгаад явж байхад цайны цагаараа компьютерээ бүрэн унтраадаг дадал, хэвшил суугаагүй  байсан нь харагдсан.

Мөн эрчим хүчний мэргэжилтнүүдээс яриа тодруулга авахад ажлаа тарахдаа бүрэн унтрааж, цахилгаанаас салгаагүй компьютер эрчим хүчний маш “хортой” шимэгч гэдгийг хэлж байсан. Түүнчлэн айл өрх, албан байгууллага дээрх зарчмаар эрчим хүчээ хэмнэвэл Дарханы дулааны цахилгаан станцын нийлүүлдэгтэй ижил хэмжээний эрчим хүчийг хэмнэх боломжтой гэдгийг статистикаар харуулсан.

“Монголын мэдээ” сувгийн ахлах редактор Ц.Санчирмаа: “Эрчим хүчний үнэ цэнэ сэдвээр олон сэтгүүлч, уран бүтээлч мэдээ мэдээлэл бэлтгэж өрсөлдлөө. Харин миний сурвалжлагын гол агуулга нь энгийн хэрнээ хүмүүсийн, хэрэглэгчдийн тэр бүр мэддэггүй мэдлэг, мэдээллийг түгээхийг зорьсон. Жишээлбэл, иргэд өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болон гар утасны хэрэглээний зардлаа эрчим хүчний үнэ хөлстэй харьцуулбал цахилгааны тариф, өртөг маш бага байдаг. Дөрвөн ам бүлтэй өрхийн нэг сарын эрчим хүчний хэрэглээний төлбөр ганц өдрийн хоол хүнсний зардлаас ч бага байдаг гэдгийг тооцоо судалгааны дүнд гаргасан байдаг юм билээ. Гэвч иргэд энэ талаар төдийлөн мэдээлэлгүй байдаг. Тэгвэл дээрх тоо баримтыг харьцуулж, тоо баримтаар нь хүргэхийг зорилоо. Мөн шалгаруулалтын үеэр бидний бэлтгэсэн хөтөлбөрийн инфографик, үзүүлэлт маш сайн болсон гэдгийг дурдсан. Зураглаач, найруулагч болон инфографик дээр ажилласан баг хамт олондоо баяр хүргэе”.

“Монголын мэдээ” сувгийн редактор Б.Чимэдлхам: “Миний хувьд эрчим хүчний үнэ цэнийн талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдээ, сурвалжилга бэлтгэж байсан. Харин энэ удаад хамт олонтойгоо өрсөлдөж, энэ салбарын гүн рүү нь орж, цогц мэдээллийг шат дараатай авсан. Тухайлбал, эрчим хүчийг хэрхэн хэмнэх вэ, Монголд эрчим хүчийг ямар технологиор үйлдвэрлэдэг вэ, манай технологи ямар түвшинд байгаа вэ, өндөр хөгжилтэй орны энэ салбарын чиг хандлага зэрэг бүхий л талын мэдлэг авч чадсан. Тиймээс “Эрчим хүчний үнэ цэнэ” уралдаанд оролцсоноороо мэдээлэл, сурвалжилга бэлтгэж иргэдэд энгийн байдлаар ойлгуулахыг зорьсноос гадна хувь хүнийхээ хувьд эрчим хүчний салбарын талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй болсон, бие биенээсээ суралцсан сайхан уралдаан боллоо”.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эрчим хүчний шимэгчээс сэргийлснээр Дарханы станцын нийлүүлдэгтэй ижил хэмжээний цахилгаан хэмнэнэ  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй