Шууд Chart

М.Зоригт: Бид цөөхүүлээ учраас ядарсан нэгнээ түшээд босгодог байх ёстой

2019-12-16 14:26:22

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан, “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч Мөнхчулууны Зоригттой ярилцлаа.

Багадаа ванны өрөөнд зургийн плёнк угаадаг байлаа

-Монголчууд хүнтэй танилцахдаа хэний хүүхэд билээ гэж танимхайрдаг. Ярилцлагаа таны аав, ижийгээс эхэлье гэж бодлоо.

-Миний аав Ядамын Мөнхчулуун Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хатиган хошууных, хүний гавьяат эмч хүн байсан. Мэргэжлийн өвчин судлал гэх шинэ салбарыг Монголд анх бий болгож, хөгжүүлсэн гавьяатай хүн. Нутаг усандаа их хайртай, байнга зорьдог, яах аргагүй нутгархаг хүн байлаа. Ээж маань Дорнодын Матад сумынх. Мөн л Хатиган хүн. Ээж аавтай адил анагаахын их сургууль төгссөн. Гэхдээ аавыг бодвол нутаг ус гэдэггүй ч аав юу гэнэ дагадаг. Одоо тэтгэвэртээ суусан сайхан буурай бий.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?

-Аав, ээж Анагаах ухааны их сургуулийг төгсөхөд аав Налайхын нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдож очсон юм билээ. Гал голомтоо бадраагаад байсан үе ээж өнөө маргаашгүй төрөх гэж байгаа том гэдэстэй хүн Налайхад буусан гэдэг. Тэгж би II амаржихад төрсөн юм. Бага нас маань Налайхын I арван жил, цаашлаад тэр үед ЗХУ-ын цэрэг, нисэх хүчин Налайхын цаана байхад тэндхийн орос сургуульд шилжиж суралцсан.

Намайг тавдугаар анги төгсөх жил Мэргэжлийн өвчин судлалын диспансер гэж байгуулагдаад аав тэнд даргаар томилогдож манайх хот руу нүүлээ. Тэр үед хотод Зөвлөлтийн VIII сургууль гэж байсан юм. Би тэр сургуулийг төгссөн.

-Хүн бүрт л хүүхэд насандаа сонирхдог, шохоорхдог зүйл байдаг. Таны сонирхол юу байв?

-Би багаасаа л зураг дарах дуртай байлаа. Аав зураг их авна. Хальсны магнитафон гэж байсан. Тэр дуу хураагуураар бидний бага насны яриа хөөрөөг хураадаг, сонирхогчийн кино камераар бидний хөлд орж байгаа дүрсийг бичдэг байлаа. Би чинь багаасаа аавтай хамт ванны өрөөнд плёнк угаана. Тэгэхээр энэ төрлийн зүйлд илүү хоббитой байсан.

-Хаана оюутан байсан бэ?

-1982 онд Чехийн Праг хотын их сургуульд инженер, дараа нь Полийн дээдэд аж үйлдвэрийн инженерээр сурч төгссөн.

-"Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой” тохиож байна. Тухайн үед та Монголын оюутны холбооны анхны оюутан Ерөнхийлөгч байсан үе. Ярих зүйл ч их байх?

-Тухайн үед 1989-1990 оны зааг Ардчилсан хувьсгалын хөдөлгөөнд оюутнууд анхдагч байсан. Оюутны нууц бүлгэмүүд, илүү ч зохион байгуулалттай байлаа. Монголын ардчилсан холбооноос өмнө оюутнууд анх Ховд аймагт ардчилсан жагсаал хийж сайд, дарга нарыг огцрохыг шаардаж байсан. Бүр тэрнээс ч өмнө нэрт сэтгүүлч Ц.Балдорж гуайн бичсэн “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг үндэслээд оюутнууд Хөвсгөл далайгаа аврах зорилгоор Улаанбаатар хотод сүртэй том жагсаал хийж байв. 1989 оны төгсгөлд анх Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөнүүд бий болсон. Түүнээс ч өмнө оюутнууд тайван жагсаал цуглаан зохион байгуулдаг байсан. Ардчилсан хувьсгал гэхээр өнөө цагийн партизан гэж нэрлэгдсэн хэдэн өвөгчүүлийг яриад байдаг. Үгүй юм аа. Тэр цагийн оюутнууд тэднээс дутахгүй, магадгүй илүү байсан. Оюутнууд бид цугладаг, уулздаг, ярилцдаг байсан. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн гэж болоход яваад л очсон. Ардчилсан холбоо байгуулагдахад ч байж л байсан. Ер нь аливаа өөрчлөлт хувьсгалын үед хамгийн чанга, хүчтэй дуу хоолой нь оюутнууд байсан. Бид олон мянган оюутныг нэгтгэхээс гадна тэднийг зохион байгуулалттай байлгаж чаддаг. Талбай дээр цуглахаар боллоо гэхэд хэдэн арван мянгаараа цугладаг, хичээлээ хаяад гаръя гэхэд бүх сургуулиас пиррр хийтэл гараад ирдэг зохион байгуулалтын хувьд маш хүчтэй хөдөлгөөн байсан. Жагсаал цуглаанд оролцож байсан хүмүүсийн дийлэнх нь оюутнууд. Ер нь оюутнууд л манлайлж явсан гэж хэлэхэд болно. Тийм ч болохоор оюутны хөдөлгөөний тэр үеийн лидерүүд бол Ардчиллын партизанууд анхдагчид мөн үү гэвэл мөн. Би Монголын ардчилсан оюутны холбооны анхны Ерөнхийлөгч. Анхны ардчилсан сонгуулиар оюутан хүн өрсөлдөж ялж байлаа.

Аав, ээжийнхээ нутгийнханд эрхлээд л миний улс төр дууссан

-Танд тухайн үед улс төр рүү орох боломж гарсан л байх. Яагаад шууд улс төрч болоогүй вэ?

-Тийм. Ер нь бол МОХ-ны удирдагч, Ерөнхийлөгч байсны хувьд тухайн үед оюутнуудаа манлайлж, шинэ Үндсэн хуультай болох, ардчилсан орон болох, зах зээлийн шилжилтэд би, Монголын оюутны холбоо маш хүчтэй оролцож ирсэн. Дараа нь олон үзэл бодолтой, олон санаатай хүмүүс байдаг учраас бид нам байгуулж болохгүй байсан. Мөн Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Зоригт аль нэг намын гишүүн байж болохгүй учраас намгүй, улс төргүй их олон жил явсан. Тэр олон мянган оюутныг нэгтгэж удирдаж байгаа хүн улс төрөөс хол байх ёстой учраас намд элсдэггүй байж. Бид ардчиллыг, хүний эрх, эрх чөлөөг бий болгочихлоо, хүн бүр гадаад паспорттай, үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлдэг боллоо гэж баярлаад л оюутны улс төрийн идэвх ер нь суларсан. Илүү мэргэшсэн байгууллага болоод боловсролын тогтолцоог сайжруулах чиглэлд илүү анхаарах болсон юм. Харин 2004 онд Монгол Улс Н.Энхбаяр гэж “хаан”-тай болоод  хүмүүс чөлөөтэй ярьж ч чадахгүй, “Туулын бургас”-нд очиж шивнэж ярьдаг болсон. Харин тэр үед улс төр рүү орлоо. Яагаад гэвэл бидний нөгөө хүсэж хүлээсэн ардчилал байхгүй болчихлоо, болохоо байлаа гээл л орсон. доо.

-100 хувь өөрийн хүслээр орсон уу?

-С.Бат-Үүл, Баабар ах “Та нар улс төрд орохгүй юм бол өөр хэн орох юм”. “Та нар орж ирэхгүй бол нөгөө талд чинь Энхбаярын хүмүүс ялна шүү дээ” зэргээр олон талаас хэлж ярьсан. Нээрээ л тийм юм байхдаа, бид хойшоо суучихвал нөгөө Энхбаяртангууд олонх болно гээд сонгуульд өрсөлдөж байлаа. Ингээд 2004 онд Дорнод нутгийн зон олондоо эрхэлсээр байгаад л гарч ирсэн. Тухайн үед ардчиллынхнаас олуулаа гарсан учраас тэр болохгүй байсан зүйлүүд арилсан. Миний аав амьд сэрүүн. Хүүгээ дэмжээд Дорнодод очсон. Аав Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынх ч гэлээ багадаа Дорнодын арван жилийн сургуулийг төгссөн. Дорнодод олон найз нөхөдтэй. Тэднийгээ зохион байгуулаад л миний сонгуулийн сурталчилгаанд нэмэр болох гээд л очсон байсан. Тэр үед аав маань надад хэлдэг байлаа. Энүүхэнд аавынх нь нутаг байгаа. Миний муу хөгшин ч азтай юмаа хүүгээ өөрийнхөө нутгаас гишүүн болгох гэж байна. Гэхдээ миний хүү хэзээ нэгэн цагт аавынхаа нутаг усанд очиж хөгжил дэвшилд нь оролцож, тэндээс гишүүн болоорой гээд л яваад байсан. Түүнээс хэдхэн жилийн дараа аав өөд болсон. Ер нь аав хүн үгүй болно гэдэг амар зүйл биш. Аав хүний амьд сэрүүндээ хэлж байсан үг болгон жин дааж, үүрэг даалгавар шахуу болдог. Тийм ч учраас Сүхбаатар аймгийнхантайгаа дөрөв, таван жил хамт байж Сүхбаатар нутгийг хөгжүүлэх гэж их зорьж ажилласан даа. Тэгээд л миний улс төр дууссан. Аавынхаа нутгийнханд ч эрхлээд л, ээжийнхээ нутгийнханд эрхлээд л миний улс төр дууссан.

Цөөхүүлээ учраас нэг хүний амь нас, нэг айлын гал голомт маш чухал

-Таныг дэлгэцийн урлагт их хайртай хүн гэж боддог. Та жин даасан олон ангит кино орон нутагт хийж байсан даа?

-Сүхбаатар аймагт миний аавыг хүмүүс таньдаг. Намайг хэн ч таньдаггүй. Цаашид аавынхаа захиа даалгаврыг биелүүлж явахын тулд би сонгуульд ялах л ёстой. Тиймээс 40 ангитай “Наран мандах нутаг” кино Сүхбаатар аймагт хийж, зураг авалтыг нь бараг сум бүрт очиж авсан. Сүхбаатар аймгаасаа бараг 2500 гаруй хүн тоглуулсан. “Наран мандах нутаг” киноны дууг мэдэхгүй хүн байхаа больсон. Баян-Өлгий аймагт ч хүмүүс дуулдаг гэсэн. Мөн энэ киног гарахад Сүхбаатар аймгийн гудамжууд хүнгүй болчихдог байсан гэнэ лээ. Энэ киногоороо өөрийгөө Мөнхчулууны хүү гэдгээ, тодорхой хэмжээнд аавынхаа нутгийг танилцуулсан.

-Мөн ээжийнхээ нутагт очиж “Шүүдэр дундуур” кино хийсэн?

-Дорнод аймгийнхан нэхэл хатуу байсан. “Чи аавынхаа нутагт кино хийлээ. Яахав аавыгаа хүндэтгэж байгаа гэдгийг ойлгож байна. Одоо Дорноддоо кино хийх цаг чинь ирсэн гээд их шахна”. Эмээ, өвөө нар залгана. Манай Дорнодынхон надад их сайн. Би “Бидний цөөхөн Монголчууд” төслөө эхлүүлчихсэн явж байсан үе л дээ. Төслийнхөө үзэл санааг олон түмэнд ойлгуулах ёстой байв. Бид нар чинь цөөхүүлээ учраас энэрэнгүй байх ёстой. Ядарсан зүдэрсэн нэгнээ татаад авдаг, түшээд босгодог тийм ард түмэн байх ёстой. Цөөхүүлээ учраас нэг хүний амь нас, нэг айлын гал голомт маш чухал гэдэг үзэл санааг ойлгуулах үүднээс “Шүүдэр дундуур” киног Дорнод аймагт хийсэн. Нэг сумаар хоёр туулай буудчихаж байгаа байхгүй юу. Нэг талаасаа Дорнодынхондоо “өр”-өө дарж байна. Нөгөө талаас хийж байгаа төслийнхөө зорилгыг таниулах. Одоогоос гурван жилийн өмнө буюу УИХ-ын сонгуулийн дараа би улс төрөөс гараад төслийн багийнхантайгаа “UB film”-ийн залуучуудтай энэ киног хийсэн. Энэ киногоо олон түмэнд хүргэхгүй л явдаг юм. Хүргэхгүй нь ч юу байхав. Хотоос хөдөө очихдоо чихэр, боорцог аваад очдог, хөдөөний хүн хотод ирэхдээ ааруул, өрөм, тос, ээзгий аваад ирдэг сайхан монгол уламжлал байдаг. Түүнтэй адил манай төслийн баг хөдөө явахдаа хоосон очиж болохгүй учраас “Шүүдэр дундуур” киногоо очсон газраа үнэгүй үзүүлдэг. Нэг талаасаа бидний бэлэг, нөгөө талаас олон хүнийг нэг дор цуглуулж, төслийн үзэл санаагаа ойлгуулдаг. Энэ кино хүмүүсийг манай төсөлтэй хамтран ажиллахыг урьдаг ийм л сайхан кино болсон.

-Та УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа байгаа байдал, элдэв селфинээсээ үүдэн папарацид нэлээд өртдөг байсан.

-Бусад улстөрчийг бодвол би арай чөлөөтэй, ондоо байсан байх. Улстөрчдийг над шиг олныхоо дунд нээлттэй амьдрахыг уриалдаг, чангаадаг гэх юм уу даа. Улстөрчдийг нээлттэй амьдрахыг шаардаж, өөрийнхөө үйл хөдлөлөөр уриална. Тийм ч учраас миний өдөр тутмын алхаа гишгээ олны өмнө нээлттэй байдаг. Аливаа асуудалд миний байр суурь хүн бүрт тодорхой хэмжээнд хүрдэг байсан. Тийм дээ ч илүү олон сэтгүүлч болон папарацичид надтай ойр байсан юм болов уу. Ер нь тэр үеэс сошиал медиа хүчтэй тархаж эхэлсэн. Үүнээс ч үүдэн хүмүүсийн хараанд илүү өртөж эхэлсэн байх. Тэгээд ч би зангиа зүүдэггүй хүн. Зангианы оронд миний хүзүүнд камер явдаг байсан учраас өөрөө ч папарацчин байлаа. Би бартаат замын уралдааны машин унаж шавар, цасанд давхих дуртай. Тэр машинтайгаа хот дотор хүртэл явдаг. Ер нь УИХ-ын гишүүн боллоо гээд өөрийгөө тусгаарлах биш шүү дээ. УИХ-ын гишүүн ч жирийн л хүн. Дарга бол тийм урт удаан зүйл биш, эргээд л эгэл түмнийхээ дунд орох хойно. Манайхан дарга болохоороо нэг л ондоо болоод л дугаараа солиод л, утсаа ч авахаа байчихдаг. Тийм байж болохгүй юм аа гэдгийг миний жишээн дээрээс харж болно. Бид ардчилалд суралцаж явна. Энэ нь урт удаан хугацааны процесс. Монголчууд харин ч их хурдан хугацаанд өөрчлөгдөж байна. Бид өөрчлөгдөхгүйгээр ямар ч сайн сонгууль, ямар ч мундаг хууль байлаа нийгэм цэгцэндээ орохгүй. Хүн хамгийн түрүүнд өөрчлөгдөх ёстой. Түүний тулд нийгэмд олон олон сайн жишээ байх хэрэгтэй гэж боддог.

Эргээд харахад бид хэзээ ч дуусашгүй зүйл эхэлчихсэн юм шиг санагдаж байна

-Монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль, уламжлалт ёс, зан заншил, биет болон биет бус соёлын өв, Монгол угсаатны онцлог зэргийг гэрэл зураг, дуу дүрсээр баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг өнгөрсөн хугацаанд 130 мянган км зам туулжээ. Энэ төсөл хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Бид анх “Шүүдэр дундуур” киногоо хийчихээд, үүнийгээ өвөртлөөд Хөвсгөлийг зорьж байсан. Манай төслийн баг зөвхөн Монголдоо гэлтгүй гадагшаа явдаг. Анх төслөө эхлүүлэхдээ би гурван жилийн дотор Монгол орноо бүтэн тойрчихно гэсэн бардам төлөвлөгөөтэй байсан. Гэвч яг эхлээд л гарах болсон чинь юм юм нэмэгдээд л ерөөсөө зориг хүрдэггүй. Тэгсэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Зоригоо ах аа, одоо эхлүүл. Нэг эхэлчихсэн байхад болдог юм аа” гэж намайг зоригжуулаад бид Хөвсгөл рүү явсан. Нээрээ л замдаа гарсныхаа дараа олны дэм тусаар болоод л явчихдаг юм билээ. Гэхдээ гурван жилд Монголоо бүтэн тойрохгүй юм байна гэдгийг одоо бол ойлгосон. Анх гурван машинтай 15 хүн гурван газар зэрэг ажилладаг байлаа. Баримтат киноны, телевизийн нэвтрүүлгийн, шууд дамжуулалтын баг тус бүртээ сэтгүүлч, найруулагч, зураглаачтай. Гурван зэрэг нэг суманд 4-5 хоног ажиллана. Манай Монголын ард дэндүү их өгүүлэмжтэй, үүх түүхтэй. Нэг суманд гурван зэрэг ажиллахад 4-5 хоногт арай гэж дуусна. Нэг аймагт 3-4 сар ажиллана. Зарим аймагт дөрвөн сар ажиллахад 50 хувьтай л байх жишээний. Ингээд явахаар гурван жилийн хугацаанд бид Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Ховд, Өмнөговь гэсэн таван аймгийг л дуусгаж байгаа юм.  Дорнод 20-30, Сэлэнгэ 50-60, Хэнтий аймаг 80-90 хувь болсон.  Нийт найман аймагт л хүрч ажилласан. Улаанбаатар гэж бас их том “айл” байна. 21 аймагт зарцуулсан их хугацааг зориулж магадгүй.

Харин гадаадын орнуудаас Японыг бүрэн дуусгасан. Япон "аймаг"-ийн Токио “сум”-ын Монголчууд, Осака “сум”-ын монголчууд гэх мэтээр бүх хот, муж, тосгонд сар гаруй хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Мөн Тувад ажиллаад эхэлчихсэн байгаа, Буриадад эхлэл тавьсан төдий. ӨМӨЗО-ны Баяннуур аймаг орлоо. Ганц аймаг гэхэд бид дөрвөн сар болсон ч эхлэл төдий л байгаа. Эргээд харахад бид хэзээ ч дуусашгүй зүйл эхэлчихсэн юм шиг санагдаж байна. Гэхдээ биднийг Монгол анхаарахаас гадна гаднынхан тоодог, анхаардаг болж. Анх миний аавын нэрэмжит Мөнхчулуун сан, МҮОНРТ, Юнител групп гэсэн гурван байгууллага энэ ажлыг явуулдаг байсан бол Казахстаны Ерөнхий сайдын ахалдаг том байгууллагаас, ӨМӨЗО-ны “Одон” телевизээс хамтарч ажиллах санал ирсэн. Үүнээс улбаалаад “Nomadic Geography” буюу “Нүүдэлчдийн газар зүй” гэсэн нэрээр олон улсад гарч байна. “National Geographic” гэх мэт олон зуун жилийн түүхтэй том төслүүдийн нэгэн адил төслийн эхлэлийг монголчууд бид тавилаа гэж ойлгоод л явж байна.

-Та төсөлдөө ямар албан тушаалтай оролцож байна?

-Би төслийн санаачлагч гэж явдаг. Манай төслийн захирал Батсайхан гэж Увс аймгийн залуу бий. Увсад очиход Батсайхан бидэнтэй хамт явъя гээд зам нийлсэн. Уг нь Увс аймгийнхаа онгоцны буудлын цахилгаанчин байсан залуу. Аймгаараа явж дуусгаад ажлаасаа гараад, бидэнтэй нийлээд явж байх жишээтэй.

-Таныг харахад заримдаа зураг авч байдаг, хааяа бүр сэтгүүлч болчихсон ярилцлага аваад зогсож байдаг?

-Жолооч, гэрэл зурагчин, “лайвчин” (сошиал шууд дамжуулалт) гэсэн албан ёсны гурван албан тушаалтай. “Лайвчин” гэдгийг одоо сэтгүүлч гэх юм уу даа. Жишээлбэл, сая замд соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк ах таарангуут дуудаад яриа авчихаж байгаа юм. Миний сэтгүүлч ч гэж юу байхав. Эрдэм номыг нь сурсан ч биш. Өөрийн сониуч, дэггүй зангаараа л хийж байгаа юм.

Хүмүүс “Зоригоо ах шиг жаргалтай хүн Монголд алга гэж” хэлдэг

-“Бидний цөөхөн монголчууд” төслөөс та ямар “цалин” авдаг вэ?

-Энэ төслөөс би бэлэн мөнгөөр ямар нэг цалин огт авч үзээгүй. Хүмүүс “Зоригоо ах шиг жаргалтай хүн Монголд алга гэж” хэлдэг. Би үнэхээр жаргаж яваа. Эрх чөлөөгөө бид нар шиг эдэлж байгаа хүн ховор шүү. Өглөө бүр шинэ газар сэрнэ, шинэ хүмүүстэй танилцана. Дандаа сайхан энерги, үйл явдалтай таарна. Ямар ч стрессгүй давхиж, сэтгэлийн жаргал эдэлж яваа нь л хамгийн гоё. Бас хойч үедээ хэрэгтэй зүйл хийж яваадаа ч гэсэн биеэ тоосон бардамнал бас бий. Өнөөдөр зарим нэгэнд тэнэг харагдаж байж магадгүй. Гэхдээ хэдэн арван жилийн дараа үнэ цэнэ нь мэдрэгдэж эхэлнэ.

“Танай төслийн баг‪ энэ сарын эхнээс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд ажилласан. Та энэ талаар “Нүүр, үүдээр нь бус гал тогоонд нь, арын албаны хаалга бүрийг татаж үзмээр санагдах. Бас “Их айл”-ын авдар саванд нь байгаа түүх бүрийг ухмаар байна” гэсэн байсан. Энэ хүслээ бүрэн дүүрэн биелүүлэв үү?

-Бид МҮОНРТ-д долоо хоног ороод ажиллая гэсэн төлөвлөгөөтэй орж ирээд долоон сар ажиллаад ч барахааргүй ажил гэдгийг ойлгосон. Ямар сайхан хүмүүс ажилладаг юм. Ямар ч мундаг үүх түүхтэй, цаашдын төлөвлөгөө нь ямар агуу юм гэдгийг мэдэж авсан. Ганц байгууллага дээр долоон сар ажиллах багцаа гарч ирж байгаа бол улсын нийслэлд хэдэн жил ажиллах вэ. Ингээд дүгнэхээр бид цаг хугацаагаар ажлаа хэмжиж болохгүй юм байна. Нэг газар орвол орсон шиг ороод, ухсан шиг ухаад болж өгвөл хүн бүрийн оролцоог түүхчилж хойч үедээ үлдээе хэмээн ажлаа явуулдаг болсон.

Зүгээр гадаргууг нь хөнгөн илээд өнгөрөх биш, авдрын мухар, сав суулга руу нь орох нь Монголчуудад ч гэсэн сонин байх. Тухайлбал, зурагтаар гарч буй гоё ганган эх, эгч нараар бид Үндэсний телевизийг дүгнэж явсан бол дулааныг нь хариуцсан хүмүүс хонгилын өрөөнд ажиллаж байна. Тэд байхгүй бол телевиз ажиллахгүй. Мөн гэрэл цахилгаан хариуцсан, энэ уудам том талбай, коридорыг угааж цэмцгэр байлгаж байгаа хүмүүс байна. Тэр бүгдийг монголчууд мэдэхгүй. Тэгвэл тэр бүх арын албаны хүнийг олон түмэнд танилцуулах, харуулах хүсэлтэй байгаа.

-Ингэхэд та бизнестээ хааяа оролцож байгаа юу?

-Би бизнесийн үйл ажиллагаанд оролцоогүй 10 гаруй жил болсон байна. Том хүүдээ 10 жилийн өмнө өгчихсөн. Надаас бас ганц нэг юм асууна. Тэгэхээр нь “Миний хүү асуух юм гараад байвал буцаагаад өгчих” гээд хэлсэн дахиж надаас юм асуухаа байсан. Юу ч болж байдаг юм одоо мэдэхээ больсон.

-Нам, улс төр, гэр бүлийн ажлаа хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Би улс төр, намын оролцоогоо бүр тэглэчихсэн. Надаас гишүүний татвар авахаа больчихсон юм чинь намын харьяалалдаа байна уу, үгүй юу мэдэхгүй л байна. Төсөл эхлээд гурван жил болоход би гурван сар л гэртээ суусан. Ер нь гэртээ ч суух зав гардаггүй. Хотод орж ирсэн дээрээ янз бүрийн байгууллагуудтай уулзана, төслөө танилцуулна, ойлгуулна гээд явчихдаг. Улс төрийн саналууд ирдэг л дээ. Саяхан л гэхэд Дорнодоос гуч гаруй хүний гарын үсэгтэй “Та сонгуульд дэвшээч” гэсэн бичиг ирсэн. Миний хувьд дэндүү чухал, дэндүү хэрэгтэй төсөл эхлүүлчихсэн учраас үүнийг зогсоож болохгүй. Өнөөдөр зогсоочих юм бол дахин мөд эхлэхгүй. Тиймээс энэ мэт саналд том хариуцлага үүрсэн гэдгээ хэлээд, уучлалт гуйгаад татгалзаж байгаа. Сүүлийн гурван жил гарангийн хугацаанд би төслөөс өөр юу ч бодоогүй.

-Та өөрөө хүсэхгүй байсан ч намаас тань нэр дэвшүүлье гээд дуудвал хүлээж авах уу?

-2004 онд бол Н.Энхбаяр "хаан" болчихлоо гэхэд нээрээ л тийм байна шүү гээд би сонгуульд орж байсан. Харин өнөөдөр Монголд тийм том болохоо байчихсан юм алга байна. Монголын нийгэмд бугласан болохгүй байсан бүх зүйл дэлгэгдэж байна. Улс төрийн хүчнүүд дотроосоо цэвэршиж, эрүүлжиж, хандлага нь өөр болсон. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд миний оролцоо тийм ч хэрэгтэй биш. Энэ төсөл маань л илүү чухал байна.

Эгэл Зоригоо

-Та хэр шуналтай хүн бэ. Надад бол уналаа, “тахим”-аа өгчихдөг хүн шиг санагддаг?

-Одоо бол надад МҮОНРТ-ийн онгорхой хаалганаас аль болох олныг олж мэдэх, авч үлдэх гэсэн шунал маш ихээр оволзож байна. Анх нэг хүний засаглалтай улс орон битгий болоосой гэсэн дээ 2004 онд УИХ-ын гишүүн болохоор шунаж ороод, тэр засаглал арилчихсан учраас шунаагүй байх.  Мөн аавынхаа захиасыг биелүүлээд Сүхбаатар нутгийнхандаа хань болж, аймаг орноо өсөж дэвшихэд нь нэмэр болсон болохоор тэр шунал ханасан болов уу. Шунал бол олон янз. Бусдынх ямар байдаг юм минийх бол иймэрхүү л шунал байдаг юм.

-“Бидний цөөхөн монголчууд” төсөл гурван жил гаруйн хугацаанд асар их хөдөлмөр гаргаж, тэр хэрээрээ дата цуглуулсан. Тэгвэл эдгээр дуу дүрс, гэрэл зургийн архивыг дараагийн жаран, зууныханд хүргэхийн тулд хэрхэн хадгалж байгаа вэ. Мөн эзэмшигч нь хэн байх вэ?

-Мэдээллийн аюулгүй байдал их чухал. Жишээлбэл, хүн гар утсаа хаяхад хуулж аваагүй бол амьдралынх нь маш чухал олон дата байхгүй болдог. Дата ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг Монголчуудад ойлгуулж таниулах, дараа нь яаж алдахгүй хадгалах вэ гэдгийг сургах хэрэгтэй байгаа юм. Бид нар асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж цуглуулсан датагаа алга хийж болохгүй. Яагаад гэвэл ирээдүйд хүргэх, цаашид үеийн үед ч байх ёстой. Манай төсөлтэй “Юнител” групп хамтран ажиллаж бидний бүх датаг хойч үед хүргэх аюулгүй байдлыг хариуцдаг. Манай төслийн ерөнхий ивээн тэтгэгч гэвэл “Энержи ресурс”, Худалдаа хөгжлийн банк, “Петровис”, “MSM”, “Canon”, “Panasonic”, МИАТ, “Хүннү эйр” зэрэг маш олон компани байгаа. Эгэл жирийн хүмүүс хүртэл биднийг дэмждэг. Япон дугуй зардаг Зоригоо гэдэг залуу манай машины бүх дугуйг улиралд нь тааруулаад үнэ төлбөргүй солиод өгч байна. Хаана ч яваад очсон биднийг гудамжинд, хоосон хонуулсан тохиолдол байхгүй. Энэ олон мянган хүний хандиваар босч байгаа төсөл бол үнэ төлбөргүй байх ёстой. Судлаач, оюутан хэнд ч нээлттэй буюу үнэ төлбөргүй ашиглаж болно. Харин арилжааны зорилгоор болон реклам сурталчилгаанд ашиглах гэж байгаа бол төлбөрийг нь төлөөд ашиглах ёстой. Ийм л санаа зорилготой байдаг.

-Танай  төслийн үргэлжлэх хугацаа анх гурван жил байсан бол одоо дор хаяж 10 жил болж. Таны хувьд 10 жилийн дараа л улс төр рүү эргэн орох уу?

-Үгүй ээ. Улс төрд байхгүй байна. Би тийм залуухан харагдаад байна уу (инээв). Улс орнуудыг хараад байхад улстөрчид нь их өндөр настай төлөвшчихсөн байгаад байна. Жишээлбэл, Японыг хэлж болно. Манайх шиг улс орнууд бол илүү залуу байна. Гэхдээ цаашдаа бол улстөрчдийн насыг нэмэх тал руугаа байх болов уу. Яагаад гэвэл бид нар учраа олж эхлээд байна. Учраа олохгүй нөхөд бол “бандааш”-аа энд тэнд мартчихдаг. Гэхдээ залуучууд сонголтоо алинд нь өгөхийг би мэдэхгүй юм. Ерөнхийдөө бид их зөв тал руугаа явж байгаа. Миний хувьд арван жилийн дараа ч ямар ч намын даргаас илүү нийгэмд оролцоод, нөлөөлөөд явж байна байх. Цаашид ч иймээрээ л байх болов уу. 

-Та хойч үед хэрхэн дурсагдахыг хүсдэг вэ. МОХ-ны анхны оюутан Ерөнхийлөгч, бизнесмэн, улстөрч, сайд, “Бидний цөөхөн монголчууд”-ын гэх мэт автороос аль нь танд илүү таатай вэ?

-Ер нь буцаад л явдаг хорвоод хүний ул мөр заавал үлддэг. Манай төслийн лого их гоё ш дээ. Монгол морины туурайн мөр монгол морь хаана очиж “тамгалсан”, тэр бүгдэд нь нүүдэлчдийн агуу их соёл бол байгааг илтгэдэг. Түүн шиг Зоригтын мөр, “Бидний цөөхөн монголчууд”-ын мөр үлдэх байлгүй дээ. Яаж амьдрах нь чухал ч, намайг үеийн үед сайнаар дурсаж яваасай гэж хүсдэг. Зарим нэг нь “пялдага Зоригоо” гэж магадгүй. Зарим нэг нь “зурагчин”, бүр “сайн ах” гээд ч үлдэж магад. Мөн Оогий гээд охиноос ярилцлага авахад хөөрхөн Зоригоо ах гэсэн (инээв). Хүний зүрхэнд бас хөөрхөнөөр үлдвэл гоё ш дээ. Ер нь тэгээд олныхоо дунд байдаг “Ард Зоригоо” ч юм уу, эсвэл “Эгэл Зоригоо”-гоор үлдэх юмсан гэж боддог.





















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Зоригт: Бид цөөхүүлээ учраас ядарсан нэгнээ түшээд босгодог байх ёстой  
Үзсэн: 3750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-12-19 12:54
Tand ulam ikh smjiltig husey
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 08:55
Tsaashdiin ajild ni amjilt husiy. tanai tosliin uzegch baonaa
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 16:04
goy tusul
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 12:51
goy yriltslaga boljee saidaa
Зочин [127.0.0.xxx] 2019-12-17 10:29
demjdeg shuu. tosliig ni ch ter tanii buh ajliig demjdeg
zochin [127.0.0.xxx] 2019-12-17 09:08
golomt bankiig yaj baiguulsan iig chin hvmvvs medne sh dee HOTSH gej bankiig dampuuruulaad hiigee bizdee
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 18:54
Dornod aimgiin iregen baina, ta 2020 onii songuulid manai aimgaas ner devsheech. manai aimagt tani shig setgeltei gishuun, buteen baiguulalt hiih hun heregtei baina
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 17:35
Энэ мундаг хүн улс төрд ороосой
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 16:35
Egel Zorigoodoo amjilt husiy
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 16:34
Zorigt gishuun mundag shyy
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 15:10
Энэ нэг юм зураг аа дараад явж бхдаа таарна улс төрд битгий ороосой эргүү амитан бнлэн
Зочин [127.0.0.xxx] 2019-12-16 16:47
Чамд ямар гай болов? Угаасаа тэр заваан улстөрт орохгүй гэж байгаа биз дээ. Бүтэн уншаач
Surguuliin naiz [127.0.0.xxx] 2019-12-16 14:50
Chamd amjilt husie.Mundag shu

Бидэнтэй нэгдээрэй