Шууд Chart

НҮБ-ын санал асуулга Монгол Улсаас эхлэв

2019-12-23 17:17:36

МОНГОЛЫН ЗАЛУУС НҮБ-ЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ

НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар 12 дугаар сарын 20-ны өдөр хөл хөдөлгөөн ихтэй өнжив. Европын холбооны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч” шагналт Б.Болороо, дуучин Ука, хийлч Ц.Энгүүн, тэргэнцэртэй анхны мисс Д.Цолмон, бүжиг дэглээч Ж.Номгонмаа, “Монголын балетийн хөтөлбөр”ийнхөн, “Ид шидийн орон”ыхон гээд хүүхэд залуусын үлгэр дуурайл, манлайлал болсон залуусын төлөөлөл цуглав. Тэд Тогтвортой хөгжлийн зорилгын үзэл санааг дэмжин олон нийтэд таниулан түгээх НҮБ-ын үйлсийг дэмжин хамтран ажиллаж буй. Энэ ажлыг НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар өнгөрсөн 10-р сараас эхлэн дөрвөн үе шаттай зохион байгуулахад эдгээр залуус сайн дураараа нэгдэн ажиллажээ. Тухайлбал НҮБ-ын дэргэдэх залуучуудын зөвлөлдөх хорооны гишүүд 10-аад их дээд сургуулийн нэг мянга орчим залууст, хот, хөдөөгийн мянга гаруй сурагчдад Тогтвортой хөгжлийн зорилтын талаар хичээл заасан байна. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 гаруй мод суулган, мод тарьж эх дэлхийгээ сэргээх хөдөлгөөнд нэгдэж, #ActNow #SDGs TALx нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцжээ.

Ингэж Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл санааг дэмжин олон нийтэд түгээхэд чин сэтгэлээсээ хамтран ажилласан хүүхэд залуусын төлөөлөлд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра талархал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа. Тэрээр “Тогтвортой хөгжлийн зорилгын гол агуулга нь эх дэлхийнхээ нөөцийг ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх, хүн бүр эрхээ эдэлж, хангалуун сайхан амьдрах, тэгш бус байдал, хүчирхийлэл, шударга бусыг халах гээд хэнийг ч орхилгүй, орчин тойрондоо халгүй хөгжихийг хэлж байгаа хэрэг” хэмээн онцлов.

Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд бидэнд 10 жил үлдэж байна. Хүн төрөлхтөн, эх дэлхийгээ аварч үлдэхийг зорьсон энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хүн болгоны хүчин чармайлт чухал, бас багадахгүй. Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх хариуцлагыг хамгийн түрүүн улс орны Засгийн газрууд үүрч байгаа ч Тогтвортой хөгжлийн зорилгын 70 хувийг санхүүжүүлэх тооцоотой хувийн хэвшил, хяналт тавьж хариуцлага тооцох иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, мөн хувь хүн болгоны оролцоо чухал юм. Хүн болгон усаа хэмнэж, гэрлээ унтрааж, илүүдэл хоол гаргахгүй, хүнсээ хаяхгүй байж, нэг удаагийн хуванцар, нийлэг уутнаас татгалзаж, машин хөлөглөхийн оронд аль болох явган алхаж, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж байгааг НҮБ-ын төлөөлөл уулзалтыг үеэр танилцуулав.

Одоо Тогтвортой хөгжлийн зорилгуудын төлөөх аянд нэгдсэн залуусын төлөөллийн үгийг хүргэе.

“ХҮҮХЭД БҮР ХАЙРАНД УМБАЖ БАЙГААСАЙ”

Дуучин Ука: Хүүхэд бүр хайрыг мэдэрч, хайранд умбаж амьдраасай гэж би хүсдэг
Юун түрүүн хүүхэд, гэр бүл бүр аз жаргалтай байвал орчин тойрноо мэдэрч хайрлаж чадна. Гэр бүл, үр хүүхэд аз жаргалгүй бол дэлхий ертөнцөд хаана аз жаргал байх вэ? Тиймээс хүүхэд бүр хайрыг мэдэрч, хайранд умбаж амьдраасай гэж би хүсдэг. Мөн эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хүртэх хайр нь эрх тэгш байгаасай гэж бодож байна. Бие биенийхээ хүсэл мөрөөдлийг сонсож, түүнийхээ төлөө хамтдаа зүтгэдэг байвал гэгээлэг ирээдүйг бүтээж чадна. Би цаашид энэ үйл хэрэгт дуу хоолойгоо хүргэхийг хүсч байна.

Бүжиг дэглээч Ж.Номгонмаа: Монголын урлагийн зөвлөлийн соёлын залуу манлайлагчдыг дэмжих хөтөлбөрт шалгарсан төслийнхээ хүрээнд 2018 оны 9/27-нд монголын тэргэнцэртэй иргэдтэй хамтарсан “Аялал” тоглолтоо эхэлсэн. Би энэ урлагаар дамжуулан хүүхэд залуус, хүмүүст хүрч нөлөөлөхийг хүссэн. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө ажиллаж хөдөлмөрлөх, тайзан дээр гарах эрх хүн бүрт бий. Тухайлбал тэргэнцэртэй иргэд бүжиглэхдээ тэргэнцрээсээ буух үед авч болох мэдрэмжийг, хүнтэй хамтран бүжиглэхдээ амталж болох сайн сайхныг бүжгээр дамжуулан мэдрүүлж, бусдад харуулахыг хүссэн. Эрүүл саруул хүмүүстэй адил өөрийнхөө ур чадвараар тэмцэж, сайн сайхан амьдралын төлөө хувь нэмэр оруулж болох юм байна гэдэг урам зоригийг тэргэнцэртэй иргэдэд өгөх нь, тэднээр дамжуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулах нь миний зорилго.

“ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮН ТАЙЗАН ДЭЭР ҮЗЭМЖГҮЙ ГЭСЭН ХАРИУ АВСАН Ч НЯЦААГҮЙ”

Тэргэнцэртэй анхны мисс Д.Цолмон: “Хан хуур” сургалтын төвийн захирал Б.Батгэрэл багшаар анх морин хуур заалгаж байсан. Морин хуураа үргэлжлүүлэн сурч, тайзан дээр гаръя гэж бодож байлаа. Гэтэл СУИС-д очоод “хөгжлийн бэрхшээлтэй иргэн тайзан дээр үзэмжгүй. Чамайг дэмжих хүн байхгүй” гэсэн хариуг удирдлагаас нь сонсоод буцсан. Энэ үг надад тийм хүнд санагдаагүй ч заавал тайзан дээр гарч харуулна даа гэсэн бодол төрж байсан тэр үед. Учир нь би урлагт хайртай, бүжиглэх дуртай. Тэгээд тайзан дээр гарч бүжиглэж чадсан. 2014 онд “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-н тэмцээн зохион байгуулагдаж, анхны миссээр шалгарсан. Энэ онд дараагийн сайхан бүсгүйд титмээ шилжүүлж өгөөд байна. Мэргэжлийн хүмүүстэй нэг тайзан дээр бүжиглэх мөрөөдөл минь биелж Ж.Номгонмаа эгчийн дэглэсэн бүжгийг бүжиглэсэн. Хоёр сар бэлдсэний дараа тайзан дээр гарч, мэргэжлийн бүжигчидтэй бүжиглэсэн тэр үйл явдал намайг үнэхээр их хөглөсөн. Бүжигчдээ, үзэгчдийн сэтгэл хөдлөлийг мэдрэх үед тэрэгнээсээ буугаад алхаж байгаа юм шиг санагдсан. Сэтгэлээс гарах чимээгүй аязаараа надтай адилхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл төрүүлсэн байх гэж бодож байна. Энэ бол тэгш эрхийн төлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хүргэх миний дуу хоолой, тэмцэл, бас мөрөөдлийн минь нэг хэсэг.

НҮБ ДЭЛХИЙН БҮХ ХҮНЭЭС АСУУЖ БУЙ

НҮБ-ын Суурин зохицуулагчийн албаны, хэвлэл мэдээлэл харилцааны зевлех Л.Номин: НҮБ 2020 онд 75 нас хүрнэ. Тиймээс ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Маниуэль де Гутерришийн санаачилснаар #UN 75 аян өрнөж эхэллээ. НҮБ бүх улс орны ард иргэдээс “Та 25 жилийн дараах цаг хугацааг хэрхэн төсөөлж мөрөөдөж байна, түүндээ хүрэхийн тулд та бүхэн юу хийх вэ, НҮБ-д юу хийхийг зөвлөх вэ” гэсэн гурван асуултыг асууж хариулт авахаар болсон. Энэ аяныг эхлүүлэх 25 улсад МУ сонгогдсоныг онцолмоор байна. Бид өнөөдрийн уулзалтаараа эдгээр асуултаа тавьж, яриа өрнүүллээ. Ингэснээр НҮБ-ын энэ аяныг Монгол Улс эхлүүлж, санаачилгыг манлайлаад явж байна гэсэн үг. Энд хүрэлцэн ирсэн зочид, нийгмийн идэвхтнүүд олон асуудлыг хөндөж тавьсны дотор хамгийн түрүүнд ядуурлыг онцоллоо. Мөн боловсрол, эрүүл мэнд, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хүмүүс сөхөж ярилаа. Бид хэлэлцүүлгээ цааш үргэлжлүүлнэ. Энэ хэлэлцүүлэгт мөн Тогтвортой хөгжлийн зорилгыг таниулж биелүүлэхэд хүн бүр идэвхтэй оролцоосой гэж НҮБ хүсч, уриалж байна. 

 

Нийтэлсэн: Д.Даваадулам

НҮБ-ын санал асуулга Монгол Улсаас эхлэв   
Үзсэн: 10814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-28 12:35
СУИС арайчдээ...
Зочин [127.0.0.xxx] 2019-12-28 10:18
СУИС-ын удирдлага ухамсаргүй, бүдүүлэг зан гаргасан байна. Бүхнийг зоосны нүхээр хардаг болсноос болж хүн чанраа алдаж дээ.
Ganaa [127.0.0.xxx] 2019-12-28 07:17
Bugded bayr hurgie iim zaluus olon baigaasai

Бидэнтэй нэгдээрэй