Шууд Chart

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

2020-01-23 17:01:00

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 37 минутад 52 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 9 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар төсөл санаачлагч гишүүн болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт, тайлбар мэдээлэл авсан юм. Энэ хуулиар оюуны өмчийн тогтолцоо, эрхийн хамгаалалт, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг ойлгомжтой, тодорхой болгож өгсөн. Мөн оюуны өмчийн асуудал нь эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал үүрэгтэй учраас инновацтай уялдсан байх зарчим баримталж, энэ чиглэлээр нарийвчилсан зохицуулалтууд төсөлд тусгагдсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн Н.Учрал онцолж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөлд Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэхээр тусгагдсаныг эргэж харах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Учир нь сүүлийн үед асуудал хариуцсан бүх зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, Ерөнхий сайд тэргүүлэхээр тусгадаг болжээ. Одоогоор Ерөнхий сайд 20-иод зөвлөлийг тэргүүлж байна гэсэн судалгаа мэдээлэл байна. Иймээс угаасаа ажил, ачаалал ихтэй Ерөнхий сайдад үндэсний зөвлөлийн тэргүүн гэсэн ачаа нэмэх нь зохистой бус юм гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Төсөл санаачлагч гишүүн Н.Учрал Оюуны өмчийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн “Оюуны өмчийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөө татаж авч буйгаа мэдэгдсэнийг хуралдаан даргалагч танилцуулав. Иймээс Байнгын хорооны саналаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж, уг хуульд “оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар” гэсэн агуулгатай 20.2.8 дахь заалт, “оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого; оюуны өмчинй эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого” гэсэн агуулгатай 21.1.13, 21.1.14 дэх заалтыг тус тус нэмэхээр болов.

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Ингээд Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “хороогоор төслийг хянуулахаар оруулна” гэснийг “хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, мөн хэсгийн “хуульд заасны дагуу” гэснийг “Комисс хуульд заасан хугацааны дотор” гэж тус тус өөрчлөхөөр гаргасан саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн гишүүдийн 58.5 хувийн саналаар төслийн 26 дугаар зүйлийн 26.1.7 дахь заалтыг “эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт уламжлах” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувийн саналаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Заиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 61.5-65.4 хувь нь дэмжсэнээр төслүүд эцэслэн батлагдав.


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй