Шууд Chart

Монгол Улсын хүлэмжийн хий нэг хүнд оногдох хэмжээгээр хоёр хөршөөс өндөр

2020-01-28 12:52:27

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”-ны тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалт өчигдөр боллоо. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр 1990-1996 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан юм.

Тэрээр “Тогтвортой хөгжлийн гол санаа нь өнөөдөр хүмүүс ирээдүйд амьдрах хүмүүсийнхээ амьдралын ундарга болсон байгалийн баялгийг шавхахгүй, байгаль орчноо бохирдуулахгүйгээр өвлүүлэн үлдээх ёстой гэсэн санаа юм. Хэрвээ хөгжиж буй улс орнууд хөгжлийнхөө төвшингөөр бусад хөгжсөн улсын, тухайлбал Америкийн төвшинд очтлоо байгалийн баялгаа ашигласаар байвал манай дэлхий дээр нэмээд дахиад хоёр ч дэлхий хэрэгтэй болно” гэлээ.

Мөн “Амьдралын тулгуур гурван хэрэгцээ бол идэх хоол, өмсөх хувцас, толгой хорогдох орон байр. Үүн дээр оюун санааны хэрэгцээ нэмэгддэг. Энэ хэрэгцээг Монгол улс үндсэндээ төлждөг, эргэн сэргэдэг нөөцийн хүрээнд хангах нөхцөл бүрэн бий. Харин зөвхөн хөгжлийн хоцрогдлоо нөхөх, зарим нэг салбараа түлхүү хөгжүүлэх, дэд бүтэц, замаа хөгжүүлэхдээ эрдэс баялгийн нөөцөө ашиглах гэх байдлаар хөгжвөл Монголын хувьд тогтвортой хөгжил болж байгаа юм” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод үйлдвэр, хэрэглээний зохистой харьцаа, цэвэр эргэлттэй эдийн засаг, хаягдалгүй технологи гэсэн том зорилтууд бий. Эдгээр нь монголын уламжлалт ахуйд бүгд байдаг гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал мэдэгдлээ.

Мэргэжилтнүүдийн судалгаагаар манай улсын ялгаруулж байгаа хүлэмжийн хийн ялгарлын 40 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл, мөн ийм хувийг мал аж ахуй гаргадаг. Тухайлбал мал хивэхэд амьсгалаараа болон ялгадсаараа их хэмжээний метан хий ялгаруулдаг гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч Ж.Батжаргал тайлбарлалаа.

Манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хий нь хэдийгээр бага боловч нэг хүнд, нэг бүтээгдэхүүнд оногдож байгаа хувиараа хоёр хөршөөсөө, мөн дэлхийн бусад улс орноос өндөр байдаг байна. Тиймээс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ямар нэгэн үйлдэл хийхээс өөр аргагүй гэж мэргэжилтнүүд үздэг. Хүлэмжийн хийг бууруулах бас нэг аргыг ургамлын нөмрөгийг нэмэгдүүлэх гэж үзэж байна. Ойн түймрийг багасгаж, хууль бус мод огтлолоо бууруулж, монгол орны ургамлын нөмрөгийг нэмэгдүүлбэл хүлэмжийн хийг шингээх бололцоо бий. Ингэснээр агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг гуравны нэгээр буюу 33 хувь хүртэл бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг байна.

 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Монгол Улсын хүлэмжийн хий нэг хүнд оногдох хэмжээгээр хоёр хөршөөс өндөр   
Үзсэн: 1649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй