Шууд Chart

Б.Ууганбаяр: Залилагч нарыг шууд таних боломжгүй

2020-01-29 14:41:02

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Ятгах тусам нягтал" нөлөөллийн арга хэмжээг улс орон даяар зохион явуулж байгаа. Уг аянтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаяраас зарим асуултад хариулт авлаа.

-“Ятгах тусам нягтал” аяны талаар мэдээлэл өгөөч?

-ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Монголбанктай хамтраад улсын хэмжээнд анх удаа залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор “Ятгах тусам нягтал” аяныг өрнүүлж байгаа. Яагаад энэ аяныг өрнүүлэх болсон бэ гэхээр 2011 онд жилдээ 600 орчим залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгддэг байсан бол өнгөрөгч 2019 оны байдлаар 7000 гаруй хэрэг бүртгэгдсэн.

Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлж байна. Хэдийгээр бусад төрлийн гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ч залилан мэхлэх гэмт хэргийн гаралт, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол буурахгүй харин ч өсөх хандлагатай байгаа.

-Залилах гэмт хэрэг үйлдэгдэх гол шалтгаан нөхцөл юу вэ?

-Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь нийгмийн сөрөг байдал, ялангуяа ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой боловч нөгөө талаас Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгож хуульчилсан нь Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэргийн тоо өсөх шалтгаан болж байгааг дурдах нь зүйтэй байх.

Хоёрдугаарт, иргэд амар хялбар аргаар, богино хугацаанд мөнгөө өсгөх, мөнгөтэй болох, хэрэгцээт ажлаа хурдан бүтээх, төрийн үйлчилгээг буюу виз, тендерийг хялбар аргаар, өөрт ашигтай байдлаар авах гэх мэт хүсэл эрмэлзэл их байгаагаас нөлөөлж байна гэж үзэж болно.

Ятгах Тусам Нягтал

-Залилагч нар хохирогч нарт юу амлаж, итгэл үнэмшил төрүүлсэн байдаг вэ?

-Ерөнхийдөө виз гаргана, тендер авч өгнө гэж бусдыг залилдаг. Сошиалд болон “Зар мэдээ” сонинд виз гаргаж өгнө гэсэн зар асар ихээр хэвлэгддэг. Гэтэл Монгол Улсад албан ёсны виз гаргадаг эрх бүхий байгууллага бол тухайн улсын элчин сайдын яам болон яамны төлөөлөгчийн газар л байдаг. Гадаадад ажиллах хүч илгээх төв гэж манай улсад байхгүй. Ганцхан эрх бүхий газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Тэгэхээр иргэд үүнийг ерөөсөө ойлгохгүй хувь хүнд хандаад мөнгөө өгчихдөг. Энэ хүн миний өмнөөс яваад бичиг баримт бүрдүүлээд, визийг маань гаргаад өгчихнө гэж буруу ойлгоод, хялбарчилж байгаад алддаг. Гэтэл залилагч болохоор цаанаа нэг хүнээс таван сая гэх мэтээр маш олон хүнээс мөнгө аваад өөрийнхөө визийг гаргуулаад аль нэг улс руу зугтчихна. Ийм маш олон жишээ бий. Ингэхээр иргэд өөрсдөө хохироод үлдэж байгаа юм.

-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нар алдсан мөнгө, үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн бүрэн олж авч чаддаг уу?

-Залилан мэхлэх гэмт хэрэг бусад гэмт хэргээс онцлогтой байдаг. Юу вэ гэвэл маш олон тооны хохирогчтой. Нэг хүн нь цаанаа давхар хохирогчидтой. Нэгдүгээрт, тухайн иргэний гэр бүл хохирно, өөрөө санхүүгээрээ хохирно, хөлс хүчээ гаргаж цуглуулсан хэдэн төгрөгөө залилагч нарт алдсанаар тухайн хүний амьдралын баталгаа алдагдаж эхэлдэг. Санхүүгийн алдагдалд орсноор тухайн хүн алдагдлаа нөхөхийн тулд дээрэм, хулгайн гэмт хэрэг зэрэгт холбогдох нөхцөл байдал гардаг.

Ер нь бол цагдаагийн байгууллагад иргэний хохирлыг барагдуулах шууд чиг үүрэг байдаггүй. Хүмүүс залилуулчихлаа, цагдаад хандлаа. Цагдаа мөнгийг нь гаргаад өгөх юм шиг боддог. Нэг иргэн залилууллаа гээд гомдол гаргахад, цагдаагийн байгууллага холбогдогч этгээдийг олж тогтоогоод тайлбар, мэдүүлэг авч залилсан эсэхийг тогтооно. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг бол хохирсон иргэний эрхийг сэргээх юм. Хохирол нөхөн төлөгдөх нөхцөл бололцоог хангаж өгдөг. Залилагч этгээдийн нэр дээр байгаа хөрөнгийг битүүмжилж хурааж аваад, хэргийн хамт шүүх рүү явуулдаг. Шүүх хэргийг хүлээж аваад, иргэний хохирлыг тогтоож, залилагчийн хөрөнгийг худалдан борлуулсны үндсэн дээр хохирлыг барагдуулах шийдвэр гаргадаг. Иргэний хохирлыг эцэслэн нөхөн төлүүлэх байгууллага бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага.

-Залилах гэмт хэргийн улмаас иргэд хэчнээн төгрөгийн хохирол амсдаг вэ? Энэ талаарх нэгтгэсэн тоо баримт бий юу?

-Олон нийт бол “Жи тайм” гэх сүлжээг сайн мэддэг. Гэтэл үүнээс гадна залилан мэхлэх зорилготой маш олон сүлжээ байна. Одоо дүүргүүдийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нэр бүхий хэд хэдэн сүлжээ байгаа. Харин иргэд сүлжээгээр дамжуулж, амар хялбараар хурдан хугацаанд мөнгө олох сонирхолдоо хөтлөгдөн хохирдог.

гэсэн статистик мэдээлэл байдаг.

ЯтгахТусамНягтал

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ямар ял шийтгэл оногдуулдаг вэ?

-Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн илрүүлэлт тодорхой хувиар өсч байгаа. Хэргийн холбогдогч нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон бол бид хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгэхээр шүүхэд шилжүүлж ажилладаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 2-8 жилийн хорих ял онооно гэж хуульд заасан. Энэ төрлийн хэргийн шийдвэрлэлт, цагдаагийн байгууллагаас шүүхэд шилжүүлж байгаа хэргийн тоо ч мөн өсч байгаа. Тиймээс залилах гэмт хэрэг гараад байгаа учраас бид урьдчилан сэргийлэх тухай ярихаас өөр аргагүй болоод байна.

-Иргэд залилах гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Залилагч нар байсаар байгаагийн учир нь залилуулдаг хүмүүс, зах зээл нь байна л гэсэн үг. Тэгэхээр иргэд өөрсдөө мэдээлэлтэй байж, аливаа мөнгө санхүүгийн асуудалд маш хянуур хандах хэрэгтэй.

Залилагч нарыг шууд таних ямар ч боломжгүй. Үнэтэй машин унаж, 9911, 8811 гэх мэт дугаар хэрэглэж, хохирогчоо “олзлох”-доо маш соёлтой боловсон харилцана. Харилцах явцдаа ямар ашиг сонирхолтой байгааг нь мэдээд итгэл төрүүлэхүйц ярьж, улмаар итгэл үнэмшил бий болгоно. Ингээд мөнгө авсныхаа дараа хэсэг хугацаанд шалтаг шалтгаан ярьж, цаг хожиж байгаад утсаа салгаад сураггүй болдог. Залилуулсан иргэн цагдаад хандаад тухайн хүний утасны дугаар, машиныг шалгахад түрээсийн байр, машин, дугаар байх жишээтэй. Энэ үнэтэй эд зүйл, дугаар нь халхавч буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйл байдаг. Эцэст нь иргэн маш удаан цаг хугацааны дараа залилуулсан гэдгээ мэдээд хохирч үлддэг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Ууганбаяр: Залилагч нарыг шууд таних боломжгүй  
Үзсэн: 2730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй