
БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарсантай холбоотой Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад телевизээр, их, дээд сургуулиудад дотоод цахим сүлжээгээр хичээл заахаар болсон.
-Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээл телевизүүдээр гарахаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээл ирэх хоёрдугаар сарын 3-наас 11-нийг дуустал телевизүүдээр гарна. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 2 хүртэл зогсоосон ч теле хичээлийг долоо хоног гаргаж байгаа талаар БСШУСЯ-наас иргэдэд мэдээлэл хүргэсэн байгаа. ЕБС-ийн үйл ажиллагааг зогсоосон хугацааны нэг долоо хоногийн хичээлийг телевизээр, бусад долоо хоногийн хичээлийг бямба гарагт болон сурагчдын гуравдугаар улирлын амралтын долоо хоногт нөхөхөөр болсон.
-Теле хичээл телевизийн аль сувгуудаар ямар хуваарийн дагуу гарах вэ?
-БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоо хамтран хэрэгжүүлж буй энэ ажилд МҮОНРТ бүрэн эрхтэй оролцож байна. Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүд тус бүртээ нэг ангийг хариуцан авч теле хичээлийг эфирээрээ нэвтрүүлнэ. Тухайлбал, “E ТВ” зөвхөн тавдугаар ангийн хичээлийг гаргана.
Харин МҮОНТ 21 аймаг, 330 сум, бүх багт эфирээ хүргэдэг учир олон нийтийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ирэх сарын 3-наас бүх ангийн хичээлийг гаргахаар бэлтгэл ажилдаа орсон. Тухайлбал, МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг буюу Үндэсний телевизээр сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол буюу 1-5 дугаар ангиас гадна 12 дугаар ангийн хичээлийг үзэх боломжтой. Харин дунд, ахлах ангийн хичээлийг МҮОНРТ-ийн хоёрдугаар суваг буюу “Монголын мэдээ” суваг гаргана.
Мөн үндэсний цөөнхөд зориулсан хичээл зөвхөн МҮОНТ-ийн сувгуудаар гарах юм. Жишээ нь, “Монголын мэдээ” сувгаар Тува хэлээр зааж буй нэгдүгээр анги, Казах хэлээр зааж буй I, II ангийн хичээл гарна. Харин Казах хэлээр заах 3-7 дугаар ангийн хичээлийг МҮОНТ-ийн гуравдугаар суваг буюу “MNB Спорт”сувгаар гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Хэддүгээр ангийн хичээл аль сувгаар хэдэн цагт гарах тухай мэдээллийг промо, шторк болон MNB.mn сайт, Mongolian national broadcaster фэйсбүүк хуудсаар мэдээлж байгаа.
-Теле хичээл гарч байх хугацаанд эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхэддээ ямар шаардлага тавих хэрэгтэй вэ?
-Хуваарийн дагуу бүх ангийн хичээл ирэх хоёрдугаар сарын 3-наас эхэлнэ. Танхимын хичээлийн цаг 40 минут байдаг бол теле хичээл 20 минут орно. Тиймээс ихэнх хичээлийг практик давамгайлсан аргаар заах учир сурагчид даалгавраа хийхдээ багш, эцэг эх, асран хамгаалагчаасаа тусламж авах хэрэгтэй гэдгийг БСШУСЯ-наас албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс теле хичээлийг зөвхөн хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүд, асран хамгаалагчид нь хамт үзэх хэрэгтэй. Бага ангийн хичээл ихэвчлэн өглөөний цагаар, дунд, ахлах ангийн хичээл үдээс хойш гарч байгаа учраас анхаарал хандуулж, хүүхдүүдтэйгээ хамт үзээрэй.
-Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор телевизүүд хүүхдэд зориулсан контентын цагаа нэмэгдүүлж байгаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз энэ төрлийн контентынхоо цагийг хэдэн хувиар нэмсэн бэ?
-МҮОНТ энэ сарын 27-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх болон бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг, кино хөтөлбөрийнхөө хэмжээг 10-15 хувиар нэмсэн. Хүүхэд, сурагчдыг гэртээ байх хугацаанд нь зориулж шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсролын болоод хөгжөөнт, зугаатай нэвтрүүлэг болон хүүхдийн киноны цагийг нэмж, өдрийн цагаар гаргаж байгаа. Тухайлбал, “Дэггүй жаал” киног үргэлжлүүлэн гаргаж байна. Мөн Японы шинжлэх ухаан танин мэдэхүйн “Сонирхсон бүхнээ асуу”цуврал нэвтрүүлэг болон “12:15” өсвөр насныханд зориулав”, “Жив жив” бага насныханд зориулав нэвтрүүлэг, “Маамуу” хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг, “Боролдойн цаг” эфирээр цацагдаж байгаа.
Үзэгч, уншигчиддаа нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, эцэг эхчүүд хүүхдээ гэртээ байх хугацаанд юу хийж байгааг анхаараасай. Коронавирус ахуйн болон амьсгалын, агаар дуслын замаар халдаж байгаа.Тиймээс хүүхэд тань хэдий гэртээ байгаа ч компьютер, ухаалаг утас хэт удаан хугацаагаар ашигласнаас үүдэж, ядрах вий. Хоёрдугаарт, хүүхдүүддээ телевизүүдээр гарч буй танин мэдэхүйн, нэвтрүүлэг хичээлийг үзүүлэхэд онцгой анхаараасай гэж хүсч байна.

Д.Ганчимэг: МҮОНТ-ийн гурван сувгаар цэцэрлэг болон ЕБС-ийн бүх хичээлийг гаргана | ||
Үзсэн: 4372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.